УВС: Зураагийн улаан хадны зураг дүрслэлүүд нь элэгдэлд орж бүдгэрсээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-06-13 15:46:18

Улаангом, 2025 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Зүүнхангай сумын төвөөс хойш 14 километрт оршдог Зураагийн хошууны өвөр талын таван том улаан хадыг “Зураагийн улаан хад” хэмээдэг.


Дунд талын хоёр хаданд эртний хүмүүсийг улаан зосоор зурсан зургууд бий. Эдгээр хаданд нисэж яваа шувуу мэт дүрс, зөв буруу солбисон дэгрээ тэмдгүүд, хавирган сар мэт дүрс, дундаа цэгтэй гурвалжин дүрс, Х үсэг мэт дүрс, олон тооны цэг зураас, дугуй цагираг босоо зураасууд, янгирын толгой бүхий урт иштэй эдлэл, амьтны арьс дэлгэсэн мэт дүрс, алцайж зогссон хүний дүрс, хоёр гараа унжуулан зогссон хүн, цээж их биеийг гурвалжин дүрсээр гаргасан зэрэгцээ хоёр хүн, хоёр гараа дэлгэж нэг гартаа юм барьсан хүн, салаа оройтой малгай өмсөөд бүжиглэж байгаа мэт хоёр хүн, хөлөө өвдгөөр нь нугалан дутуу явган сууж хоёр гараа дэлгээд нэг гартаа ямар нэгэн юм барьсан хүн зэрэг дүрслэл байдаг. Эдгээр нь шинэ чулуун зэвсгийн үед холбогдох дурсгал хэмээн тодорхойлжээ. Мөн овог отгоороо ан хийж буй дүрслэл бий. 


Дэлхий дээр ийм утга агуулгатай зураг хоёр байдаг бөгөөд нөгөө нь Америкийн Аляскад байдаг аж. 

Зураагийн улаан хадны зураг дүрслэлүүд нь салхи, ус бороо зэрэг байгалийн элэгдэлд орж дүрслэл нь бүдгэрсээр байгаа аж.

Энэхүү дурсгал нь Увс аймгийн байгалийн үзэсгэлэнт есөн газрын нэг юм.



Холбоотой мэдээ