Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар цахим хурал боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/ Засгийн газраас 21 аймагтай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн
эрх, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр цахим хурал хийлээ.
Энэ үеэр аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор Орхон
аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар
танилцууллаа.
Тус аймагт хөгжлийн бэрхшээлтэй 4000 гаруй иргэн байдгаас 330 нь хүүхэд
бөгөөд үүний 60 гаруй нь 7 дугаар
сургуульд сурч байна. Мөн сургуульд хамрагдах боломжгүй хүүхүүдийг “Найдвар”, “Сорхугтани”
төвд хамруулж эрүүл мэнд, сэргээн засах үйлчилгээ үзүүлж байна. Орхон аймагт
хэл засалч багш дутмаг байдаг тул орон
нутгийн зүгээс бодлогоор хэл засалч багшийг бэлдэн энэ хичээлийн жилд ажиллуулж
байгаа ажээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх төв байгуулах
газрыг орон нутгаас шийдвэрлэсэн тул барилга барих асуудалд Засгийн газраас
анхаарч өгөхийг мөн хүслээ.
Бусад аймгаас Орхон аймаг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран
хамгаалагч, эцэг эхийн нийгмийн даатгалыг нь сар бүр төлдөг бөгөөд үүнд 39.8
сая төгрөг зарцуулаад байгаа гэлээ.
Мөн 2017 оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих, явах хөдөлгөөнд саад учирч буй газрыг судалж нийт 60 цэгт замын хашлага, боржурыг налуу болгох, авто замын тэмдэг, тэмдэглэгээг өөрчлөхөөр болж энэ онд ажил нь эхэлнэ.
Дашрамд дурдахад, Монгол Улсад
хөгжлийн бэрхшээлтэй 105 мянга 691 иргэн байдгаас 44 хувь нь төрөлхийн
үлдсэн нь олдмол ажээ. Монгол Улсын Засгийн газар нь БНХАУ-ын
санхүүжилтээр хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулахаар
болсон бол Азийн хөгжлийн сангийн хөнгөлөлттэй зээл, Япон улсын ядуурлыг
бууруулах сангийн буцалтгүй тусламжаар 27 сая долларын төсөвт өртөгтэй “Хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлж байна.