ОХУ болон БНАСАУ-ын удирдагчдын ганцаарчилсан уулзалт эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВЛАДИВОСТОК. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын хэлэлцээ Владивостокт болж байна. Хоёр орны тэргүүн нарын анхны ганцаарчилсан уулзалт эхэлжээ.
Ганцаарчилсан уулзалт дууссаны дараа хэлэлцээ хоёр орны төлөөлөгчдийн хамт өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр үргэлжилнэ.
Путин, Ким нар анх удаа уулзаж байгаа юм. Хоёр орны удирдагчид Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх болон бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков урьд нь мэдээлжээ.
Уулзалтын үеэр цөмийн асуудлыг улс төр-дипломат арга замаар шийдэх асуудалд гол анхаарлаа хандуулах төлөвтэй байна.
БНАСАУ-ын удирдагчийн ОХУ-д хийж буй айлчлал нь Солонгосын хойгийн байдлыг зохицуулахад тус дөхөм болно гэдэгт найдаж байна гэж Путин Ким Жөн Унтай хийх хэлэлцээг нээж үг хэлэхдээ мэдэгджээ.
Харин Ким Жөн Ун уулзалтыг нээж үг хэлэхдээ, айлчлалыг зохион байгуулсанд Оросын талын төлөөлөгчдөд талархаж буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд 2018 онд улиран сонгогдсонд Путинд баяр хүргэжээ. Түүний хэлснээр, Путин улиран сонгогдсоноороо "хүчирхэг Орос орныг амжилттай байгуулна".