Украинд Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль болж байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-21 10:53:07

КИЕВ. /TASS/. Украинд ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль болж байна. Сонгуулийн санал хураалт орон нутгийн цагаар 08:00 цагаас 20:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Ерөнхийлөгчийн сонгуульд төрийн тэргүүний албан тушаалын төлөө одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенко, “Ард түмний зарц” намын дарга Владимир Зеленский нар өрсөлдөж байна. Өнгөрсөн сарын 31-нд болсон эхний шатны сонгуульд В.Зеленский 30.24 хувийн саналыг авсан бол сонгогчдын 15.95 хувь нь П.Порошенкод саналаа өгсөн юм.


Сонгуулийн төв комиссын мэдээлснээр, 29989 сонгуулийн хэсэгт Украины 26 сая гаруй иргэн саналаа өгч магадгүй байна. ОХУ-д байрлаж буй Украинчууд санал өгөх эрхээ эдлэх боломжгүй юм. Москва, Санкт-Петербург, Ростов-на-Дону, Екатеринбург, Новосибирск зэрэг хотод байрлах нийт 5 сонгуулийн хэсгийг татан буулгасан тухайгаа Сонгуулийн төв комисс өнгөрсөн 12 дугаар сарын 31-нд мэдэгдэж байсан. Тийнхүү ОХУ-д байрлаж буй Украины 3 сая орчим иргэн Гүрж, Казахстан, Финланд улсуудад байрлах сонгуулийн хэсэгт саналаа өгөх боломжтой аж.


“Риа Новости” агентлагийн мэдээлснээр, Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн ирэх даваа гарагийн өглөө гэхэд тодорхой болж магадгүй байна.

Холбоотой мэдээ