Лондонд цэвэр агаарын бүс бий болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2019-04-18 14:24:24

ЛОНДОН. /RIA Novosti/. Их Британийн нийслэл Лондон хотын дарга тээврийн хэрэгслүүдэд тавьдаг байгаль орчны нөлөөллийн стандартыг чангатган, бензин автомашинуудад Евро-4, дизель машинуудад Евро-6 стандарт тогтоож, эдгээр стандартад нийцээгүй автомашинууд, ачааны машинуудыг хотын төвд орохыг хоригложээ. Энэ тухай "Евро Пульс" цахим хуудас мэдээлсэн байна.


Шаардлагад нийцээгүй суудлын машин эзэмшигч утааны ялгарал хэт бага бүсээр явахдаа өдөрт 15 орчим евро, харин ачааны машинууд өдөрт 116 евро төлөх ёстой байна. Журам зөрчвөл автомашины загвараас хамаарч 185-1016 хүртэл еврогийн торгууль ногдуулах аж.


Дэлхийн олон хотод хэдийнэ бий болсон хорт хийн хаягдлын хэмжээ бага байдаг бүсээс ялгаатай нь Лондонд “бохир” автомашинуудад тавьсан хориг тогтмол үйлчлэх бөгөөд хотын оршин суугчдад бүгдэд нь хамаатай байна.


Энэ бол Их Британийн нийслэл хотын агаарын бохирдолтой тэмцэх хотын даргын томоохон төлөвлөгөөнд орсон арга хэмжээнүүдээс хэрэгжүүлж эхэлсэн анхны ажил юм. Лондон хотын дарга цаашид "цэвэр агаарын" бүсийг тэлэх, хотын нийтийн тээврийн хэрэгслүүдийг байгаль орчинд илүү ээлтэй хэрэгсэлд шилжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Холбоотой мэдээ