Ливид мөргөлдөөний улмаас олон хүн амиа алджээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-04-18 12:56:04

ТРИПОЛИ. /Xinhua/. НҮБ-ын дэмждэг Ливийн Засгийн газар болон Ливийн зүүн нутагт төвтэй арми хоорондын мөргөлдөөний улмаас 200 орчим хүн амь үрэгдсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ лхагва гарагт мэдээлэв. 


ДЭМБ-ын мэдэгдэлд дурдсанаар, Ливийн нийслэл Триполи болон тус хотын эргэн тойронд өрнөж буй мөргөлдөөний улмаас 189 хүн амь үрэгдэж, 816 хүн шархадсаны зэрэгцээ 18 мянга гаруй хүн орон гэрээ орхин дүрвэсэн ажээ.


ДЭМБ болон бусад эрүүл мэндийн байгууллагууд хөдөлгөөнт эмчилгээний багуудыг бүрдүүлж, дүрвэгсдийн төвүүд дэх өвчтөнүүдийг эмчлэхээр төлөвлөж байна.


"НҮБ-ын дэмжлэгтэй Засгийн газар байрладаг Триполи хотыг эзлэн түрэмгийлнэ" хэмээн Генерал Халифа Хафтарын удирдаж буй Ливийн Үндэсний арми дөрөвдүгээр сарын эхээр мэдэгдсэн билээ.


Ливийг олон жил удирдсан Муаммар Каддафиг 2011 онд түлхэн унагааж, амийг нь хөнөөсний дараа тус улсад хүчирхийлэл газар авч, улс төрийн тогтворгүй байдал үүссэн юм. 

Холбоотой мэдээ