Харшлын өвчнийг бууруулах аян өрнүүллээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-04-18 13:39:15
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд Орхон аймагт нийт өвчлөлийн 8.6 хувийг ургамал, 25 хувийг хоол, хүнсний бүтээгдэхүүнээс үүдэлтэй харшлын өвчин эзэлжээ.  

Иймд Эрүүл мэнд, Хот тохижуулах, Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газар болон Баян-Өндөр сумын ЗДТГ хамтран тавдугаар сарын 1-нээс таван сарын хугацаатай, гурван үе шаттайгаар хотын төвийн шарилж, луулийг зулгаах юм. Мөн хаврын улиралд улиас модны үрийг унагаах аж. Түүнчлэн гэр хорооллын айл өрх хашаа, гудамжныхаа шарилж, луулиа цэвэрлэсэн тохиолдолд урамшуулах гэнэ.

Хүн амын нягтаршил их байх тусам харшил нэмэгддэг бөгөөд иргэд ургамал, хоол хүнс, эм, химийн бодисоос ихэвчлэн харшилдаг байна. Харшил нь хүн бүрт харилцан адилгүй илэрдэг. Тухайлбал, арьс загатнах, булчин татах, ханиалгах, хамар битүүрэх гээд хүн бүрт өөр, өөрөөр илэрдэг учир заавал харшлын сорил хийлгэх ёстой ажээ. Иймд дээрх байгууллага хамтран харшлын өвчнийг бууруулахын тулд таван сарын аян зарлаж байгаа юм. 

Холбоотой мэдээ