Ирээдүйн яруу найрагчдыг төрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-23 11:42:13

Хүүхэд багачуудад яруу найргийн яруу сайхныг танин мэдрүүлэх, аялгуут сайхан монгол хэлээрээ эмх цэгцтэй, зөв ярьж, хэлж, бичиж сурах, цаашлаад нутаг орноосоо олон сайхан яруу найрагчдыг төрүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумаас “Өсвөрийн шилдэг уран уншигч” тэмцээнийг зохион байгуулсан байна.

Тус сумын Зүүнхараа Хүүхдийн ордноос зохион байгуулсан уг тэмцээн уламжлалт бөгөөд жил бүрийн хаврын эхэн сард болдгоороо онцлогтой ажээ. Уг тэмцээнд оролцож байгаа хүүхэд багачууд өөрсдийнхөө зохиосон бүтээлээр оролцдог нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй бүтээлч болгож өгдөг байна. Энэ жилийн хувьд “Уран жиргээ-2016” нэртэйгээр бага, дунд, ахлах насны ангилалаар зохион байгуулагджээ.

Энэхүү тэмцээнээс олон сайхан уран уншигч хүүхдүүд төрөн гарч сум аймгынхаа нэрийг гаргасаар яваа хэмээн зохион байгуулагч онцолсон. Ингээд тэмцээний Цэцэрлэгийн насанд тэргүүн байрт “Цэцэгхэн” цэцэрлэгийн А.Анар, бага насанд Мандал 3-р сургуулийн 1а ангийн сурагч Ж.Оюун-эрдэнэ, дунд насанд Мандал 3-р сургуулийн Д.Мөнхбат, ахлах насанд “Билэг ДБ” сургуулийн 10б ангийн сурагч Н.Мөнхзаяа нар тэргүүн байрт шалгарч, ирээдүйтэй яруу найрагчид гэдгээ харуулсан байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ