Тариалан эрхлэгчид зөвлөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-04-09 14:50:26

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувь хүмүүс, албан байгууллагын төлөөлөл оролцсон "Тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн" дөрөвдүгээр сарын 06-нд Сайншанд суманд боллоо.

Зөвлөгөөнд Сайншанд сумын 25 болон бусад сумын 50 гаруй тариалан эрхлэгчид оролцож салбартаа тулгамдаж буй асуудлууд хийгээд цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ярилцав.

Дорноговь аймаг 2018 онд 30 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 200 орчим айл өрх нийт 102.6 га талбайд тариалалт хийж  470,02  орчим тн ургац хурааж байсан бол энэ жил га талбайгаа нэмэгдүүлэхгүй ч ургацын чанарт анхаарах талаар албаныхан мэдээллээ.Тариаланчид хаврын тариалалт эхлэх бэлтгэл ажлаа хангасан байна.

Хамгийн их хүн амтай Сайншанд сумын хэмжээнд 40 гаруй тариалан эрхлэгч байдаг бөгөөд 2018 онд 19.3096 га газраас 115.572 тонн ургац хураан авсан төдийгүй 2018 онд анх удаа 600 мкв, дөрвөн улирлын хүлэмж байгуулж 0,26 тонн ургац хураасан аж.

Хүлэмжийн үйл ажиллагааг сумын ЗДТГ-аас дэмжиж худаг болон газрын асуудлыг шийдсэн бол Сум хөгжүүлэх сангаас 23.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож байжээ.

Мөн газар тариалангийн бүс нутгийг дэмжиж сумын Засаг даргын захирамжаар 78 иргэнд 131 га газар олгосон бол Сум хөгжүүлэх сангаас хүлэмжийн хүнсний ногоо тариалалт, зоорийн чиглэлээр 2011-2018 онд 32 иргэнд 247.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож байжээ.

Холбоотой мэдээ