"Оюутан цэрэг" хөтөлбөрт МСҮТ-ийн сурагчдыг хамрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-04-08 21:32:38

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн МСҮТ-ийн 18 насанд хүрсэн сурагчид “Оюутан цэрэг” сургалтад энэ сарын 1-нээс хамрагдаж эхэллээ.  

Эрүүл мэнд, бие бялдар, сурлагын чанараараа тэргүүлсэн суралцагчид тус хөтөлбөрт хамрагдаж байгаа ба хичээлийнхээ хажуугаар “Цэргийн ерөнхий бэлтгэл”-д хоёр сарын турш суралцаж, дараа нь 6-8 дугаар сард Зэвсэгт хүчний 256 дугаар ангид “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” сургалтад хамрагдах аж. МСҮТ-ийн сурагчид ихэнхдээ насанд хүрээгүй байдаг учраас оролцоо бага байгааг аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа М.Дэлгэрсайхан хэлж байв. Хөтөлбөрт 10 орчим сурагч хамрагдаж байна.

Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлдэг учраас оюутан, сурагчид тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байдаг аж.

Эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлж, улс орны батлан хамгаалах чадавхийг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

Холбоотой мэдээ