Татварын хуулийн танд ашигтай заалтууд

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-04-08 12:12:42

УИХ ээлжит бус чуулганаар татварын  хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан.  Түүнийг татварын багц хуулийн шинэчлэл хэмээн нэрлэсэн билээ. Татвар ярьж байгаа юм болохоор орлогын талаар ярих шаардлага зайлашгүй урган гарч ирж байгаа юм. Орлогыг аж ахуйн нэгжийн хүрээнд авч үзье.

 

Нэр бүхий аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх буюу нийлүүлэх,үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанаас олсон хөрөнгийг орлого гэж нэрлэнэ. Орлогод нийт хөрөнгөд нэмэгдэх эзний хөрөнгийг бас хамруулна. Эздээс оруулсан хөрөнгөөс бусад өмчийн өсөлт хэлбэрээр илэрсэн, эдийн засгийн өгөөж гэж ойлгож болох аж. Гэхдээ орлого олоход, гарсан зардалыг тусгагдаг байна. Ердийн үйл ажиллагааны явцад бий болсон орлогод татвар ногдуулдаг. Нэгэнт орлогын тухай яриа сөхөж тавьсан болохоор ашгийн тухай авч үзэх нь зүй ёсны хэрэг юм даа. Аж ахуйн нэгжийн олсон орлого, гаргасан зардалын зөрүүгээс 10 хувийн татавар авсны дараах орлогыг ашиг гэж үзнэ. Олон улсад ашиг, орлогын аль нэгд нь буюу хоёуланд нь зэрэг татвар ногдуулдаг жишиг байдаг гэнэ. Монгол Улсын хувьд зөвхөн орлогод татвар ногдуулдаг. Татварын багц хуулийн шинэчлэлийг энэ хүрээнд хийжээ.

 

Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс доош аж ахуйн нэгжүүд өөрийн хүсэлтээр жилд нэг удаа тайлан гаргаж, нийт орлогын нэг хувиар татвар төлнө. Харин жилийн борлуулалт гурван тэрбум төгрөгөөс дээш бол жилд дөрвөн удаа, доош бол хоёр удаа тайлан гаргана. Энэ хүрээнд  татварын багц хуулийг шинэчлэсэн байдлыг  тодорхой заалт тус бүр дээр  нарийвчлан  авч үзэх нь зөв болов уу.

 

Татварын ерөнхий хуулийн хүрээнд: 

  • Татварын өр төлөх хугацааг 24 сар (хоёр сар байсан) болгон сунгажээ.
  • Илүү төлсөн татварыг нэн тэргүүнд (ирээдүйд төлөх татварт суутган тооцдог байсан) буцаан олгоно.
  • Эрсдэлгүй татвар төлөгчийг хянаж шалгахгүй.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд:

  • Гадагшаа шилжүүлэх орлогын суутгалыг 15 хувь (20 хувь байсан)  болгон бууруулсан
  • Гадаадын хөрөнгө оруулагчдын ногдол ашгийг орлогод суутгадаг татварыг тав болгон (20 хувь байсан) бууруулжээ.
  • Банкны зээлээр эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг татварыг тав болгосон (10 хувь байсан) байна.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд:

  • Нэг шатлалтай, 10 хувийн татвар төлнө
  • Оршин суугч этгээдийн татвар 15 хувь болон (20 хувь байсан) буурчээ. Түүнийг дагаад хүүгийн орлого нь 10 хувь болох гэнэ.
  • Орон сууцны татварын хөнгөлөлтийг зургаан сая (3 сая байсан)  төгрөг болгон өсгөжээ. Энэ бол татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжид боломж олгож байгаа заалтууд гэж эрх бүхий  албан тушаалтнууд тайлбарлаж байна.

Түүнээс гадна “Зөрчлийн хууль”- иас хариуцлагын заалтыг авч Татварын ерөнхий хуулиар зохицуулан давхардлыг арилгажээ. Мөн татварын байцаагчийн буруугаас татвар төлөгч хохирвол, байцаагчтай тооцох хариуцлага тодорхой болсон байна. Ийм алдаа гаргасан улсын байцаагчийг 10 жилийн хугацаанд төрийн албанд эргүүлэн авахгүй гэнэ.Татварын тухай ойлголт хүн төрлөхтний түүхэнд үүсэн бий болохдоо анх өглөг буяны шинж чанарыг өөртөө агуулж байсан юм байна. Харин одоогоос 200 гаруй жилийн өмнө Ангил улсад  “орлогын татварын хууль” баталснаар орчин үеийн татварын тогтолцооны үндэс суурь тавигджээ. Одоо бол татвар нь татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжийн хуулиар хүлээсэн үүрэг болон хувирсан байна. 

Холбоотой мэдээ