Ховд аймгийн Газар тариалан эрхлэгчид зөвлөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-04-06 21:38:31

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ойн баярыг тохиолдуулан Ховд аймгийн Газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн зохион байгууллаа.

Энэхүү зөвлөгөөнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон аймаг, сумдын удирдлага, хөдөө аж ахуйн мэргэжилтэн, газар тариалан эрхлэгчдийн төлөөлөл 230 гаруй хүн оролцож, салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар санал солилцов.

Манай орны газар тариалангийн салбар нь хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 15 орчим хувийг үйлдвэрлэж, хүн амыг хүнсээр, хөнгөн аж үйлдвэрийг түүхий эдээр, мал сүргийг тэжээлээр, олон мянган хүнийг ажлын байраар хангадаг чухал салбар билээ. Ховд аймагт одоогийн байдлаар 1500 гаруй өрхийн 3500 орчим тариаланч ажиллаж төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг бүрэн хангаж жимс жимсгэнэ бусад тариалалтыг зохих түвшинд хангаж байна.

2017 онд аймгийн ИТХ-аас 13 сумын 24200 орчим га талбайг газар тариалангийн бүс нутаг гэж тогтоосон байдаг. Үүнээс өнгөрсөн оны байдлаар 2232,1 га-д тариалалт хийж 22,8 мянган тонн ургац хураан авчээ. Энэ жил тус талбайн хэмжээг  250 орчим га талбайгаар нэмэгдүүлэх юм.

Мөн өнгөрсөн онд  397 га талбайд тэжээлийн ургамал тариалсан. Тэгвэл энэ онд нэг болон олон наст тэжээлийн ургамал тариалах замаар малын нэмэгдэл тэжээлийн нөөцийг  орон нутагт бүрдүүлэх  зорилгоор  тэжээлийн ургамлын талбайг 100 га-гаар нэмэгдүүлж, царгас, эрдэнэ шиш зэргийг түлхүү тариална гэж албаныхан мэдээллээ.

Түүнчлэн аймаг орон нутгаас уламжлалт газар тариалангийн  үйлдвэрлэл ба жимс жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэх,  услалтын системүүдийг сэргээх, хадлангийн механикжсан салаа байгуулах, үрийн шинэчлэл хийх, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх зэрэгт онцгой анхаарч ажиллаж байна. Тухайлбал, газар тариалангийн үр шинэчлэхэд  34,5 сая төгрөг, хүлэмжийн аж ахуй байгуулахаар 20,0 сая төгрөгийг улсын болон орон нутгийн  төсөвт  тусгажээ.

Мөн төмс, хүнсний ногоо тарвас, улаан лооль, сонгино, сармисны тариалалтыг жил бүр нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж,  энэ  онд  Булган,  Жаргалант суманд тус бүр 600,0 сая төгрөгийн  өртөг бүхий Агропарк төсөл хэрэгжүүлнэ.

1000 тонн хүнсний ногоо хадгалах зориулалт бүхий механикжсан зоорийг 1,0 тэрбум төгрөгөөр байгуулж,  хүнсний ногоогоо өөрөө хадгалж, хэрэглэдэг аймаг болох зорилт дэвшүүлэн уриалга гаргав. Одоогийн байдлаар механикжсан зоорь барих ажил 30 хувьтай явж байна.  

 

Холбоотой мэдээ