“Нархан” 3-р цэцэрлэгийн өргөтгөл барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-04-05 14:46:05

Увс /МОНЦАМЭ/. 2018-2019 оны хичээлийн жилд Улаангом сумын “Нархан” 3-р цэцэрлэг 360 хүүхдийг 7 бүлэгтээ сурган хүмүүжүүлж байна. Үүнээс хоёр бэлтгэл бүлэгт 80 хүүхэд суралцаж байгаа аж. Энэ жил тус цэцэрлэгийн ар талд залгаад өргөтгөлийн барилга барихаар болсон байна. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн санхүүжилтын асуудлыг хөөцөлдөж, улсын төсвөөс 770 сая төгрөг батлуулж өгсөн байна. Ингэснээр ирэх хичээлийн жилээс эхлэн тус цэцэрлэг 9 бүлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулна.

“Цэцэрлэгийн өргөтгөл барьсанаар манай тойргийн бүх хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжтой болно. Ер нь бол манай цэцэрлэгийн анги дүүргэлт улсын хэмжээнд хамгийн өндөр байгаа. Өргөтгөлийн барилгыг цэцэрлэгийн ар талд залгаад барих бөгөөд коридороор холбогдох юм.

Манай цэцэрлэгт арга зүй, ур чадвараараа аймагтаа танигдсан олон шилдэг багш нар ажилладаг тул цэцэрлэгийн анги дүүргэлт жил бүр их байдаг. Цэцэрлэгийн зүгээс хүүхэд багачуудынхаа сурах хүсэл эрмэлзлэлийг дэмжиж, авъяас, ур чадварыг нээн илрүүлэх тал дээр ихээхэн анхаарч ажилладаг. Мөн чанар сайтай, илчлэг өндөртэй эрүүл хоол хүнсээр байнга хангаж ирсэн. Үүнээс гадна хүүхэд багачуудынхаа эцэг эхчүүдийг идэвхжүүлэх зорилгоор олон төрлийн тэмцээн уралдаан, үйл ажиллагаануудыг тогтмол зохион явуулдаг. Тухайлбал, аавуудын дунд Кофены баяр, ээжүүдийн дунд “Би ээжтэй хайртай” өглөөлөг зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг” хэмээн “Нархан” 3-р цэцэрлэгийн эрхлэгч З.Ууганбаяр хэллээ.

Тус цэцэрлэгийн зүгээс өнгөрсөн 3-р сард хүүхдүүдийнхээ дунд “Бигээс бүжиг, бийчнээс бүжигчин” сэдэвт цэнгээнт бүжгийн уралдааныг зохион явуулсан. Өнгөрсөн жил цэцэрлэгийн бүх сурагч баруун монгол ардын бий биелгээг хийж сурсан бол энэ хичээлийн жилд цэнгээнт бүжиг бүжиглэхээр бэлдэж байна. 

Холбоотой мэдээ