Дэлхийн Банк Монгол Улсын дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-04-05 08:43:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Дэлхийн банкны Монгол Улс, БНХАУ, БНСУ-ыг хариуцсан Бүсийн захирал Мартин Райзер болон Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчөөр шинээр томилогдоод буй Андрей Михнев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар Монгол Улс, Дэлхийн Банк дэд бүтцийн хөгжил, экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж, чанар стандартыг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцов.


Бүсийн захирал Мартин Рейзер Дэлхийн Банкаас Монгол Улстай хөгжүүлж ирсэн бат бэх, амжилттай түншлэлээ улам урагшлуулан хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд санхүүжилт, хүний нөөцийн дэмжлэг үзүүлж ажиллахад анхаарах болно гэв.


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улс 1990 оноос ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжиж эхлэх үеэс улс орнууд, дэлхийн хамтын нийгэмлэг Монгол Улсад тусламж, дэмжлэг үзүүлж ирснийг дурдаад үүнд Дэлхийн Банк группийн үүрэг оролцоо чухал байр суурь эзэлж байсныг онцоллоо. Тухайн үед манай улсын ДНБ 3 тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр 12 тэрбумд хүрч хөгжсөн юм.

Холбоотой мэдээ