Цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолыг хордуулсан хэрэг гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-04-03 13:51:56

БЭЭЖИН. /BBC/. БНХАУ-ын төвийн нутгийн Хэнань мужийн Жяозуо хотын цэцэрлэгийн 23 хүүхдийг хордуулсан хэрэгт тус цэцэрлэгийн багшийг сэжиглэн баривчилсан байна.


Хүүхдүүд цэцэрлэг дээрээ өглөөний хоолоо идсэний дараа эмнэлэгт хүргэгдсэн тухай Хятадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Мөрдөн шалгах ажиллагааны урьдчилсан дүнгээс үзэхэд хүүхдүүдийн идсэн хоолноос их хэмжээний натрийн нитрит илэрчээ.


“Сэжигтэн хоолыг хордуулах болсон шалтгааныг хараахан тогтоогоогүй байна” гэж цагдаагийн газраас мэдээлжээ. Харин Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, уг багш нь хамт ажилладаг хүнээсээ өшөө авахыг хүссэн аж.


Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт хүүхдүүд цэцэрлэг дээрээ өглөөний хоолоо идсэний дараа бөөлжиж, ухаан алдаж эхэлсэн гэж “Beijing News” сонинд мэдээлжээ. Харин цагдаагийн газраас энэ талаар даваа гарагт мэдээлсэн байна.


Xinhua” агентлагийн мэдээлснээр, нэг хүүхдийн биеийн байдал хүнд байгаа бол 7 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Бусад 15 хүүхдийн хувьд эмнэлгээс гарчээ. Үүний зэрэгцээ, уг цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, хүүхдүүдийг нь өөр цэцэрлэгт хамрагдуулаад байгаа ажээ.  

Холбоотой мэдээ