“Хот суурин газрын хатуу хог хаягдлын менежмент” төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-04-01 17:19:07

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжаар “Хот суурин газрын хатуу хог хаягдлын менежмент” төсөл Говь-Алтай аймагт 2019-2021 онд хэрэгжихээр боллоо.

Уг төсөл хэрэгжсэнээр Алтай хотод төвлөрсөн хогийн цэгийг шинээр байгуулах, хуучин хогийн цэгийг дарж устгах, олон нийтийн оролцоотой нөхөн сэргээлт хийх, иргэдийг хогийг ялгаж, ангилах дадал хэвшилд сургах сургалтыг зохион байгуулах, сав, шил, цаасыг ялгаж, ангилах хог хадгалах зориулалтын өнгийн сав болон ангилан ялгалт хийсэн савтай хогийг цуглуулах, тээвэрлэх зориулалтын хогны машиныг нийлүүлэх, хогийг шахаж пресслэх байгууламж барьж, дахин боловсруулах тоног төхөөрөмж суурилуулах гэнэ.

Төслийн зөвлөх багийнхан Говь-Алтай аймагт хүрэлцэн ирж тус аймгийн холбогдох удирдлагуудтай уулзаж төслийн танилцуулга, цаашид авч хэрэгжүүлэх ажил, хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд Алтай хотын хог хаягдлын бүтцийн судалгааг хийх чиглэлээр ЗДТГ, БОАЖГ, Мэргэжлийн хяналтын газар, Алтай хотын Тохижилт үйлчилгээний газрын удирдлага, алба хаагчдад сургалт хийлээ.

Мөн хог хаягдлын бүтцийн судалгааг гэр хорооллын 12 өрх, орон сууцны 12 өрхийг хамруулан хийхээр судалгааны ажлыг эхлүүлжээ. Энэхүү төсөл нь Говь-Алтай аймгаас гадна Дархан-Уул, Өвөрхангай, Сүхбаатар аймагт хэрэгжих юм.


Холбоотой мэдээ