ЕБС-ийн сурагчид уран зургийн үзэсгэлэн дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-31 19:28:32
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Төгс ханамж” сургалтын төвийн сурагчид “Төсөөлөл” уран зургийн үзэсгэлэнгээ “Norphei art gallery”-д өчигдөр дэлгэв. Үзэсгэлэнд ЕБС-ийн 10-12 дугаар ангийн долоон сурагчийн нийт 50 гаруй бүтээл оролцжээ.


Үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлч сурагчид нь мэргэжлийн уран зургийн сургалтанд 2-5 жил суралцаж, дотоод болон гадаадын уралдаан тэмцээнд амжилт гаргаж байгааг “Төгс ханамж” сургалтын төвийн багш Б.Мөнхцэцэг бахархан ярьж байлаа.



Тэрбээр, “Манай сургалтын төв нь уран зургийн бүх л арга техникийг заадгаараа онцлогтой. Тиймдээ ч энд бүх л төрөл, хэв маягийн уран зураг бий. Манай урлан хүүхдүүдийнхээ зургаадахь үзэсгэлэнг дэлгэж байна. Хүсэл мөрөөдлөөрөө нэгдэн, төсөөллөөрөө жигүүрлэсэн авъяаслаг уран бүтээлч сурагчдын хамтарсан энэхүү үзэсгэлэнд сэтгэлгээний уран зургууд давамгайлж байгаа нь өмнөхөөс илүү онцлог гэж хэлэхэд болно. Хүүхдүүд маань “Арт” чиглэлээр голчлон зурдаг бөгөөд зарим нь энэ чиглэлээрээ гадаад суралцах тэтгэлэг аваад явж байна. “Арт” чиглэлийн зургийг хүн зарна гэж зурдаггүй. Өөрийн сонирхож буй зүйлээ өөртөө зориулж л зурж байгаа нь ихээхэн онцлогтой” хэмээв.  



Тэдгээр бүтээлч сурагчдын уран зургууд нь төрөл, зурах арга, техник нь өөр өөрийн онцлогоор бүтээгджээ. Үүнд байгалийн болон хөрөг зураг, алдартай уран бүтээлчдийн уран зургийн хуулбар зэрэг байхаас гадна хүүхдүүдийн өөрсдийн зохиомж нь ихэд сонирхол татаж байв.



Уран зургийн үзэсгэлэнд бүтээлээрээ оролцож буй “Тольт” ЕБС-ийн 10-а ангийн сурагч Г.Эмүжин, “Би энэхүү үзэсгэлэнд нийт 11 зургаар оролцож байна. Үүнээс онцлоход, Клиэнт Густав хэмээх зураачийн цуврал гурван зургийг хуулбарлан зурсан маань энд бий. Эдгээрийг би хамгийн их хүч, хөдөлмөрөө зориулж зурсан болохоор илүү хайртай байдаг юм. Энэхүү зургийн утга, санаа нь Египетийн үеэс бэлгэдсэн, амьдралыг мод мөнх дэлгэрч, үргэлжилж байхыг ерөөж байгааг илтгэдэг. Зураг зурсныхаа дараа бүтээлээ хараад суух надад маш сайхан мэдрэмж төрдөг юм” гэв.





“Монгол тэмүүлэл” ахлах сургуулий 11-а ангийн сурагч Б.Маралмаа, “Энэхүү үзэсгэлэнгээс миний хамгийн онцлох бүтээл бол, зураг зурж эхлээд гурван жил болохдоо монгол зургийн аргыг эхнээс нь судалж, миний зурсан анхны бурханы хөрөг. Бурхан бүтээнэ гэдэг, шашны талаасаа хүний насыг уртасгадаг, гэгээрэлд хүрэх замыг нь нээдэг гэхчлэн ярьдаг. Миний хувьд, өөрийгөө сорьж, монгол зургийн аргаар бурхан бүтээхийг зорьсон. Энэ нь надад маш том сорилт болсон. Энэхүү зургийг хоёр сарын хугацаанд зурсан юм. Зураг зурах нь хүнийг сууж, бодож, төлөвлөж сургадаг” гэв.



Дээрх уран бүтээлч сурагчид нь өмнө 2016 онд “Best” арт галлерей, 2017 онд “Ninth” арт галлерейд үзэсгэлэн гаргаж байжээ. Энэ удаагийн "Төсөөлөл" үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 1-н хүртэл үргэлжилнэ.


Төгс ханамж сургалтын төвийн багш Б.Мөнхцэцэг нь Монголд анх удаа уран зургийн үзэсгэлэн дэлгэх соёлыг дэлгэрүүлж байсан аж. Түүний аав Л.Бавуудорж нь 1967 оноос Улаанбаатар хотын Урчуудын салбарт зураачаар ажиллан, 1990 оноос чөлөөт зураач болжээ. Өдгөө түүний зургууд Төрийн ордон, Уран зургийн галерей, Нисэхийн музей болон гадаадын олон цуглуулагчдад хадгалагддаг юм байна. 

Холбоотой мэдээ