БНХАУ, Европын холбоо хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-03-27 10:38:29

ПАРИС. /NHK/. БНХАУ-ын дарга Си Жиньпин болон Европын удирдагчид дэлхий дахинд тулгамдсан асуудлуудыг зохицуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон байна.


Си Жиньпин мягмар гарагт Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер, Германы канцлер Ангела Меркель нартай Парис хотноо уулзжээ. Э.Макрон уг дээд хэмжээний уулзалтад бусад удирдагчдыг урьсан аж.


Уулзалтын дараа талууд хамтарсан хэвлэлийн бага хурал хийж, дэлхийн дулаарал, Дэлхийн худалдааны байгууллагын /ДХБ/ шинэчлэл зэрэг дэлхий дахинд тулгамдаж буй өөр бусад асуудлуудыг шийдвэрлэхэд нягт хамтран ажиллахаар тохиролцсон хэмээн мэдэгдсэн байна.


Э.Макрон хэлэхдээ, олон улсын худалдаанд илүү шударга, тэнцвэртэй олон талт тогтолцоог бий болгохыг хүсэж байна гэжээ.


"Шинэ эриний хэрэгцээ шаардлагыг хангахын тулд БНХАУ-ын зах зээлд нэвтрэх нөхцөлийг сайжруулна" гэж Европын орнуудад айлчлал хийж буй Си Жиньпин хэлсэн байна. Мөн тэрбээр, дэлхийн эдийн засгийг илүү нээлттэй болгож, худалдааны олон талт тогтолцоог хамгаалахын тулд ДХБ-ын дүрэм журмыг шинэчлэхэд хувь нэмрээ оруулна гэж хэлжээ.


Үүний зэрэгцээ Европын орнуудын дунд БНХАУ-ын эсрэг үзэл нэмэгдэж буй энэ цаг үед олон улсын хамтын ажиллагаа чухал болохыг талууд дахин нотолсон байна. Мөн тэд худалдаанд илүү шударга дүрэм журмыг баримтлах үүрэг амлалт өгсөн нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын явуулж буй худалдааны хамгаалах бодлогод далд анхааруулга өгч байна хэмээн ажиглагчид үзэж байна. 

Холбоотой мэдээ