Улаангом сумын таван баг инженерийн шугам сүлжээнд холбогдоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-03-25 14:05:10

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх "Манай Увс" үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу хэрэгжих Гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах ажлын “Инженерийн шугам сүлжээний зураг төсөл”-ийг UDC group ХХК хийж гүйцэтгэн, Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төслөөс Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханд өнгөрсөн баасан гарагт албан ёсоор хүлээлгэн өглөө.

Гэр хорооллын дэд бүтцийн ажилд нийтдээ 46 тэрбум төгрөг төсөвлөснөөс энэ онд есөн тэрбум төгрөгийн ажил хийх юм байна. Энэхүү төсөл нь Улаангом сумын 4, 5, 6, 7, 11-р багт хэрэгжих бөгөөд нийтдээ 1919 хашаанд амьдарч буй 3796 өрх хамрах юм. Эдгээр өрхийн 74 хувь нь буюу 2814 өрх дулаан, цэвэр, бохир усны шугамд холбогдох хүсэлтэй байгаагаа судалгаагаар илэрхийлжээ. Уг төслийг хэрэгжүүлж, дээрх өрхийг инженерийн шугамд холбосноор хүйтний улиралд нүүрсний хэрэглээ багасч, Улаангом хотын утаа багасах аж. Мөн бохирын сүлжээнд холбосноор ил бие засах газрууд байхгүй болж хөрсний бохирдлыг арилгахаас гадна өрхийн гишүүн бүрт амьдрах ая тухтай, таатай нөхцөл бүрдэх юм.

Тус төслийн хүрээнд шинээр зургаан ухаалаг худаг гаргахаас гадна хуучин байсан долоон худгийг сэргээн засварлаж үйл ажиллагааг нь сайжруулах юм байна. Мөн ус дамжуулах долоон төвийг шинээр барьж, өмнө нь байсан ус, дулаан дамжуулах төвүүдийг сэргээн засварлаж, нэвтрэх сувгийг 8 хэсэг хонгил байхаар төлөвлөсөн байна. Эдгээр нэвтрэх сувгийн өндөр нь 2,25 метр, өргөн нь 2,5 метр бөгөөд нийт урт нь 4260 метр байх аж. Харин бохирын шугамын нийт урт 15364 метр байх нь ээ. Улаангом сумын газарзүй, геологийн нөхцөл байдлаас хамааран нэг байршилд бохир ус өргөх насос станц барихаар төлөвлөсөн байна. Шинээр хийх холбооны сувагчлалын нийт урт 10070 метр, шинээр хийх үл нэвтрэх сувгийн урт 14249,9 метр байх аж. Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажлыг жил дамнан хийнэ. 

Холбоотой мэдээ