Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-03-24 12:00:10

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Дэлхийн усны өдрийг угтан Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Эрүүл мэндийн газар, Хүйсийн говь, цэцэг нуурын сав газрын захиргаа болон Есөнбулаг сумын ус ашиглагч байгууллагууд хамтран олон ажлыг зохион байгуулж байна.

Жил бүрийн энэ өдрөөр цэвэр усны тухай тодорхой онцлог сэдвийг хөндөн олон нийтэд тайлбарлан таниулдаг бөгөөд энэ жил "Цэнгэг ус-тэгш хүртээмж” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Дээрх байгууллагуудын хамтарсан арга хэмжээ Ерөнхий боловсролын сургуулиудын байгаль орчин, эрүүл мэндийн чиглэлийн эко клубын хүүхдүүд, эрүүл мэндийн багш, эмч нарт өртөөчилсөн сургалтаар эхэлсэн юм. Уг сургалт гуравдугаар сарын 15-21-ны өдөр шүд угаах, гар угаах үед усыг зөв зохистой хэрэглэх мөн түүний үнэ цэн, ундны усны аюулгүй байдлыг хангах талаар явуулсан бөгөөд нийт 210 хүүхэд оролцжээ. 

Түүнчлэн гуравдугаар сарын 22-ны өдөр Есөнбулаг сумын томоохон ус ашиглагчидтай хийх уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж усны ухаалаг, зөв зохистой хэрэглээ, хэмнэлттэй ашиглах техник, технологийг нэвтрүүлэх, усны нөөцийг нэмэгдүүлэх, тэгш хүртэхийн ач холбогдол, татварын орлого бүрдүүлэлтийн талаар харилцан ярилцаж мэдээллээ солилцсон юм. Хэлэлцүүлэгт нийт 45 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож мөн үеэр “Шилдэг ус ашиглагч”-ийг шалгаруулав. Тодруулбал, “Шилдэг ус ашиглагч”-аар “Тайшир гуулин УЦС” ХХК, “Шилдэг төлбөр төлөгч”-өөр “Хүннү-Алтай Мениралс” ХХК, “Шилдэг хэмнэлттэй ашиглагч”-аар Нэгдсэн эмнэлэг шалгарлаа. 


Мөн Есөнбулаг сумын  усны чиглэлээр төрийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэгч салбарын байгуулагууд болон усны мэргэжлийн байгууллага, хангагч, ашиглагч байгуулагуудын дунд гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохиогдлоо. Олон нийтэд дэлхийн усны өдрийг сурталчлан таниулах зорилгоор  гуравдугаар сарын 25-ны өдөр “Шинэ-Алтай” захын гадна талбайд “Дэлхийн усны өдөр”-ийг сурталчлах өдөрлөг, тэмцээн уралдаан зохион байгуулж идэвхтэй оролцсон иргэдэд стандартын усны сав олгох гэнэ. 


Холбоотой мэдээ