Тайландад парламентын сонгууль эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-03-24 11:17:06

БАНГКОК. /RIA Novosti/.  2011 оноос хойших парламентын анхны сонгуулийн санал хураалт Тайланд улсад ням гарагт эхэллээ. Санал хураах байрууд орон нутгийн цагаар 17:00 цагт хаагдана.


Гол өрсөлдөөн улс орныг сүүлийн таван жил удирдаж байгаа цэргийнхнийг эсэргүүцэгчид болон тэднийг бодлогыг дэмжигчдийн хооронд өрнөнө.


Энэ удаагийн парламентын сонгуулийг цэргийн эрх баригчдын удирдлага дор боловсруулж, 2017 онд бүх нийтийн санал хураалтаар баталсан шинэ Үндсэн хууль, мөн сонгууль болон улс төрийн намуудын тухай шинэ хуулиудын дагуу явуулж байна. Эдгээр хуулийг цэргийнхний 2014 онд байгуулсан Үндэсний хууль тогтоох ассамблей буюу нэг танхимтай түр парламент 2017-2018 оны хооронд баталжээ.


Таиландын Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтад 2800 гаруй хүнийг бүртгэсэн бол 44 намын 68 нэр дэвшигч Ерөнхий сайдын албан тушаалд өрсөлдөнө. Үүнээс “Ардын төрийн хүч” намаас /"Пхаланг прачарат"/ генерал Прают Чан-Оча, “Ардчилсан нам”-аас /"Прачитипат"/ Абхисит Ветчачив, “Тайчуудад зориулсан нам”-аас Сударат Кеюрапхан, “Ирээдүйн нам”-аас Тханатхор Чунгрунгреангкит нар Ерөнхий сайдад нэр дэвшигчийн хувиар сонгогчдоос хамгийн олон санал авах магадлалтай байна.


Таиландад 51.4 сая хүн санал өгөх эрхтэй байна. Тус улс 69 сая хүн амтай юм.


2014 оны тавдугаар сард Тайландад цэргийн эргэлт болсон билээ. Төрийн хуйвалдаанаар генерал Прают Чан-Оча засгийн эрхэнд гарч, Ерөнхий сайд болжээ. Тэрбээр парламентын сонгууль явуулж, цэргийнхний эхлүүлсэн улс төрийн томоохон шинэчлэл дууссаны дараа улс оронд ардчиллын замыг нээхээ амлажээ. Цэргийнхнийг эсэргүүцсэн улс төрийн олон эсэргүүцлийн ажиллагаа Бангкок хотод өрнөж байв. 


Холбоотой мэдээ