Умард Солонгосын цөмийн объектуудыг устгах сургууль хийв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-21 14:55:34

СӨҮЛ. /Yonhap/.  Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчин өнөөдөр Умард Солонгосын цөмийн объектуудад оновчтой цохилт өгөх сургууль хийсэн байна. Энэ тухай тус улсын Батлан хамгаалах яам мэдээллээ.

“Ээлжит өдөөн хатгалгыг тогтоон барих болон байлдааны найдвартай бэлэн байдлыг бэхжүүлэх зорилгоор цохилтын бүлгийн томоохон сургуулилтыг хийлээ” гэж Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчний мэдэгдэлд дурдсан байна.

Уг мэдэгдэлд дурдсанаар, “энэ удаагийн сургуулилтыг дайсны гол объектуудад цохилт өгөх, дайсныхаа тактикийг болон байлдааны бэлэн байдлыг сулруулах тактикаар явуулжээ”.

Сургуулилтад F-15K, F-16 болон FA-50 загварын 16 сөнөөгч онгоц болон C-130H цэргийн тээврийн онгоц оролцсон байна.

Өмнөд Солонгосын цэргийн үйл ажиллагааг тус улсын Зэвсэгт хүчин Умард Солонгос олон улсын хамтын нийгэмлэгийн шаардлагыг хүлээн авч, цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоохоос татгалзсантай холбон тайлбарлаж байна. Ийм туршилтуудаа үргэлжлүүлэх үүргийг Умард Солонгосын удирдлага өнгөрсөн долоо хоногт өгчээ.

Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яам үүнтэй холбоотойгоор даваа  гарагт мэдэгдэл хийхдээ, Умард Солонгос цөмийн зэвсгийн тав дахь туршилтаа ойрын үед явуулж магадгүй гэжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ