Сум хөгжүүлэх сангаас 750 гаруй сая төгрөгийн зээлийг иргэдэд олгожээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-03-20 15:46:13

Завхан /МОНЦАМЭ/. Тосонцэнгэл сумын 40 гаруй иргэн сум хөгжүүлэх сангаас зээл авч жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлснээр сумын хэмжээнд 130 гаруй ажилгүй иргэдийг ажлын байраар хангажээ.

Тус сумын ЗДТГ-аас сүүлийн долоон жилд нийт 190 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 751.8 сая төгрөгийн зээлийг сум хөгжүүлэх сангаас олгосон байна. Тус зээлийг олгож эхэлснээр суманд шинээр 40, хадгалагдсан 50 ажлын байр бий болсон байна. Тухайлбал сум хөгжүүлэх сангаас зээл авч үйл ажиллагаагаа өргөжүүлэн амжилттай ажиллаж байгаа оёдлын цех тав, өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа оёдолчин 40, мужааны цех 10, хүнсний цех гурав байна. Түүнчлэн газар тариалан, хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэрлэл эрхэлж байгаа 45 иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд тогтмол ажиллаж, сумын аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг жил бүр нэмж байгаа нь сайшаалтай. Харин зарим нэгэн иргэд сум хөгжүүлэх сангаас зээл авчихаад зээлийн хөрөнгийг зориулалтын бус хэрэглэх, эргэн төлөгдөх хугацаагаа хэтрүүлэх, үйлвэрлэлээс бусад зүйлд зарцуулах зэрэг асуудал гардаг. Сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлтийн хувьд өнгөрсөн 2018 онд иргэд хугацаандаа төлсөн байдалтай байна. Цаашид бид сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг суманд шинээр шинэлэг, үр өгөөжтэй, хэрэгцээ шаардлагад нийцэхүйц үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын ажилд зарцуулахаар төлөвлөж байна.


 Тосонцэнгэл сумын брэнд нэрс жимсний бүтээгдэхүүнүүд бар кодтой болжээ

Тосонцэнгэл сум баялаг бүтээгчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдээ бүлгээр хамтарч ажиллах боломжийг бүрдүүлж эдийн засгийн төсөлд хамруулж байна.

“Дэлхийн зөн” ОУБ, Завхан аймгийн ЗДТГ-ын хамтран хэрэгжүүлж байгаа “Эдийн засгийн тусгай төсөл”-д сумынхаа 40 гаруй үйлдвэрлэл эрхлэгчдийг хамруулж байгаа аж. Эдгээр үйлдвэрлэл эрхлэгчдийг төслийн хүрээнд чадавхжуулах, шинээр бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх чадамж олгох, төслийн болон үйлдвэрлэлийн маркетингийг сайжруулах чиглэлээр сургалтад хамруулах, зарим нэг үйлдвэрлэгчдийг ажлын байраар хангах бодлого баримталж байна. Тосонцэнгэл сум нь Завхан аймгийн томоохон сумдын нэг учраас бусад сумаасаа олон талаараа давуу. Тус суманд орон нутгийн үйлдвэрлэл харьцангуй хурдтай хөгжиж байгаа талаар сумын удирдлагууд онцлов. Тухайлбал нэрс жимс болон түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг брэнд болгожээ. Брэнд бүтээгдэхүүндээ Худалдаа аж үйлдвэрийн танхимаас бар код авсанаар супермаркет болон томоохон худалдааны төвүүдээр борлуулах боломжийг бүрдүүлж өөрийн гэсэн худалдан авагчтай болоод байгаа аж. Мөн эсгий гутал, арьс шир, мод модон бүтээгдэхүүнийг сумынхаа брэнд болгожээ. Тухайлбал Тосонцэнгэлийн эсгийгээр гар аргаар урласан хүннү гутал Тосонцэнгэлийн төдийгүй Завхан аймгийн брэнд болоод байгаа. Цаашид сумын брэнд бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна хэмээн Тосонцэнгэл сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Сонирхуулахад, тус сум 2018 онд Хөдөлмөр эрхлэлтийн сангийн хөрөнгөөр 30 иргэнийг, зам барилгын ажил гүйцэтгэж байгаа компаниудад 55 иргэнийг түр ажлын байраар хангаж, шинээр 13 иргэн ажлын байртай болжээ.  

Холбоотой мэдээ