Францын ерөнхийлөгч монгол хүүхдүүдийн “Ногоон паспорт” аяныг өндрөөр үнэлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-03-18 18:42:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Кени улсын Найроби хотноо НҮБ-ын Байгаль орчны IV ассамблей боллоо.

НҮБ-ын гишүүн орнуудын байгаль орчны асуудал хариуцсан сайд нар уулзаж, хүрээлэн буй орчны салбарт нь тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг хайж, байр сууриа илэрхийлэн, хамтын хүчээр хэрэгжүүлэх олон асуудлыг нэгтгэдэг нь уг чуулганы онцлог юм.

Тогтвортой үйлдвэрлэл хэрэглээг хөхиүлэн дэмжих замаар байгаль орчны асуудлыг шийдвэрлэх инновацийн шийдлүүдийг дэмжих гэсэн зорилтын хүрээнд зохион байгуулсан энэ удаагийн ассамблейд Монгол Улсыг төлөөлөн УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

2017 онд болсон ассамблейн III хуралдааны үеэр НҮБ-ын гишүүн орнуудын байгаль орчны сайд нар бүхий л төрлийн хог хаягдал, бохирдлоос хүн ардынхаа эрүүл мэнд, улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд нөлөөлөх сөрөг нөлөөг бууруулах, химийн, хорт болон аюултай бодисын хэрэглээг бууруулах, орлуулах боломжийг эрэлхийлэх үүрэг хүлээсэн. Монгол Улсын хувьд нэг удаагийн, нийлэг уутыг сав, баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, худалдах, хэрэглэхийг хориглосон.


Мөн саарал усыг үйлдвэрлэл, үйлчилгээ, уул уурхайн салбарт нэвтрүүлэх стандарт баталж, дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж эхэлснийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ үеэр тайлагнасан юм. Мөн байгальд ээлтэй өсвөр үе бэлтгэх зорилгоор ЕБС-иудын Эко клубын сурагчдын дунд хог хаягдлаа ангилах, ус, эрчим хүчээ хэмнэх замаар нүүрс хүчлийн хийг бууруулах байгаль орчны боловсрол эзэмшүүлэх “Ногоон паспорт” аяныг Монгол орон даяар амжилттай эхлүүлснээ танилцуулж, чуулганд оролцогч орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нарт Монголын сурагчдын хөтөлж буй “Ногоон паспорт”-ыг гардууллаа.

Энэ удаагийн ассамблейн дээд хэмжээний нээлтийн арга хэмжээнд Кени, Шри Ланк, Мадагскар зэрэг улсын төрийн тэргүүнүүд оролцсон нь тогтвортой хөгжлийн зорилгууд болон Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад ихээхэн ач холбогдол өгч байгаагийн илрэл боллоо.



Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон өөрийн Африк тивд хийж буй төрийн айлчлалын үеэр Ассабмлейн үйл ажиллагаатай танилцан Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээгээ идэвхижүүлэн, хэрэгжилтийг ханган ажиллахыг улс орнуудад уриалан хамтын хүчээр байгаль, орчны асуудлуудыг шийдвэрлэх нэн чухлыг тэмдэглэв. Мөн тэрбээр Монголын БОАЖ-ын сайдын санаачилсан “Ногоон паспорт” аяныг өндрөөр үнэлж, Монгол хүүхдүүд дэлхий нийтэд байгальд ээлтэй ирээдүйн жишиг болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн юм.


БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Ассамблейн чуулганд оролцох үеэр Тогтовортой хотуудыг бэхжүүлэх нь дээд хэмжээний хурал болон Олон улсын бэлчээрийн жилтэй болох санаачилгыг дэмжих сайд нарын өглөөний цай уулзалт, Циркуляр эдийн засагт цахилгаан бараа болон цахим хаягдлын менежментийг сайжруулах дээд хэмжээний арга хэмжээ, Франц Улсын санаачилгаар зохион байгуулсан Нэг дэлхий дээд хэмжээны уулзалтад тус тус оролцон Монгол Улсын байр суурыг илэрхийлэв. Мөн олон улсын байгууллагууд болон улс орнуудтай хоёр талын уулзалтуудыг хийх хэрэгжүүлж буй үйл ажиллагааг өргөжүүлэх, идэвхижүүлэх талаар санал солилцлоо.

 

Холбоотой мэдээ