Ким Жөн Намыг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдсан эмэгтэй нутаг буцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-03-12 12:33:18

МОСКВА. /RIA Novosti/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгт ахыг Малайзад хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдсан Индонез улсын иргэн Сити Аисья нутаг буцсан тухай Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлжээ.


Малайз улсын шүүх Сити Аисьяд үүсгэсэн хэргийг даваа гарагт хэрэгсэхгүй болгож, түүнийг шүүхийн танхимаас сулласан байна. Киодо агентлагийн мэдээлснээр, шүүгч Азми Арифин сэжигтэнд үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгох прокурорын хүсэлтийг хүлээж авсан боловч шүүхээс гэм буруугүй гэдгийг нь нотлоогүй байгаа учир Аисьяг “цагаатгаагүй” гэдгийг мэдэгджээ.


Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр, Аисьяг Жакарта хотын нисэх онгоцны буудалд буухад Индонезийн албаны хүмүүс болон хэвлэлүүдийн төлөөлөгчид угтан авсан байна. Тэрбээр Индонезийн Ерөнхийлөгчид талархлаа илэрхийлжээ.  


Сити Аисьяг Вьетнамын иргэн Доан Тхи Хыонгийн хамт 2017 оны хоёрдугаар сарын 13-нд Куала-Лумпур хотын нисэх онгоцны буудалд ази төрхтэй эрэгтэй рүү гэнэт халдаж, нүүр рүү нь шингэн зүйл цацсаных нь дараа баривчилсан юм. Мөрдөн шалгалтын явцад цацсан шингэнд “VX” гэдэг мэдрэл саажуулах бодис агуулагдаж байсныг тогтоосон байна. Уг эрэгтэй нас барсан бөгөөд хэдийгээр паспорт дээр нь өөр овог бичээстэй байсан боловч түүнийг Ким Жөн Нам болохыг тогтоожээ.


Сэжигтнээр татагдсан эмэгтэйчүүд шүүх хурлын үеэр мэдүүлэг өгөхдөө, “Бид Умард Солонгосын тагнуулчдын заль мэхэнд орсон. Бид “хүмүүсийг шоглодог” телевизийн шоу нэвтрүүлэгт оролцож байна гэж бодож байсан” гэж хэлжээ.


Ким Жөн Намыг хөнөөсөн хэрэг тэр даруй улс төрийн асуудал болж хувирч, БНАСАУ болон тус улсын цөөхөн холбоотнуудын нэг болох Малайз хоорондын харилцаа хурцдахад хүрсэн юм. Тус хоёр улс энэ хэргийн улмаас Элчин сайд нараа харилцан хөөсөн билээ.


Ким Жөн Намын үхэлд ямар ч холбоогүй гэдгээ БНАСАУ-ын эрх баригчид удаа дараа мэдэгдсэн боловч Малайз болон Өмнөд Солонгосын холбогдох албаны хүмүүс “энэ хэргийн ард Пёньян бий” гэж үзсээр байгаа аж.


Макаод байнга оршин суудаг байсан Ким Жөн Нам БНАСАУ-ын удирдагч агсан Ким Жөн Ирийг залгамжлах хамгийн өндөр магадлалтай хүнд тооцогддог байсан билээ. Тэрбээр улс төр сонирхож, бизнес эрхэлдэг байжээ.


Холбоотой мэдээ