Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани Иракт айлчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-03-11 17:23:50

БАГДАД. /TASS/. Иран улсын Ерөнхийлөгч Хасан Роухани төрийн айлчлал хийхээр даваа гарагт Иракийн нийслэл Багдад хотод хүрэлцэн очсон байна. “Al-Mayadeen” телевизээр мэдээлснээр, Роуханиг тус улсын Засгийн газрын гишүүд дагалдан явж байгаа аж.


Ираны Ерөнхийлөгч айлчлалынхаа хүрээнд Иракийн Ерөнхийлөгч Бархам Салех, тус улсын Ерөнхий сайд Адел Абдель Махди, парламентын дарга Мухаммед аль-Халбуси болон шиит шашинтнуудын тэргүүн, аятолла Али ас-Систанитай уулзана.


“Al-Mayadeen” телевизээр мэдээлснээр, Иран болон Иракийн удирдагчид хоёр талын хамтын ажиллагааны хэтийн төлөв, мөн Ираны эсрэг АНУ хориг арга хэмжээ авсан энэ үед Иракийн эрх баригчдын баримталж буй байр суурийн талаар хэлэлцэнэ. Техраны эсрэг явуулж буй Вашингтоны үйл ажиллагааг дэмжихгүй гэдгээ Иракийн эрх баригчид урьд нь нэг бус удаа мэдэгджээ. Үүнээс гадна, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран улсыг ажиглахын тулд Иракийн нутаг дэвсгэрийг ашиглахаар төлөвлөж буйг зэмлэн буруушаасан байна.


“The Islamic Republic News Agency” агентлагийн мэдээлснээр, талууд мөн бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх болон Сирийн байдлыг хэлэлцэнэ. Гурван өдөр үргэлжлэх айлчлалын үеэр хоёр орны төлөөлөгчид багц баримт бичигт гарын үсэг зурна. 


Холбоотой мэдээ