Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг сайжруулах хиймэл дагуул хөөргөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-02-22 14:22:29

ТАЙБЕЙ. /CNA/. Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг бэхжүүлж, цаг уурын хяналтыг сайжруулах зорилгоор хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байгаа тухай Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвень мэдэгдэв.


Тайвань болон АНУ-ын мэргэжилтнүүдийн хөгжүүлсэн хоёр дахь хиймэл дагуул болох “FormoSat-7”-г Кеннедийн нэрэмжит Сансар судлалын төвөөс энэ онд хөөргөх ажээ.


Пүрэв гарагт Цай Инвень Үндэсний сансар судлалын байгууллагад зочлох үеэрээ хэлэхдээ, өнгөрсөн онд “FormoSat-5” хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн нь алсаас хянах хиймэл дагуулыг Тайвань бие даан судлан хөгжүүлэх боломжтойг нотолсон гэжээ.


Мөн “FormoSat-7” хиймэл дагуулыг АНУ-Тайванийн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа амжилттай хөгжиж буйн илрэл хэмээн тэмдэглээд, энэхүү хиймэл дагуул нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хийгээд тогтвортой хөгжлийг бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ