Венесуэлийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг шаардав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-02-22 13:34:40

НЬЮ-ЙОРК. /RIA Novosti/. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог дэмжин жагсаал зохион байгуулах гэж байгаа идэвхтнүүд тус улсын хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг АНУ-ын эрх баригчдаас шаардсан байна. Энэ тухай идэвхтнүүдийн “Олон улсын үйл ажиллагааны төв” байгууллагын төлөөлөгч мэдээлжээ.


“Бид венесуэлчүүдтэй сэтгэл санаагаар хамт гэдгээ болон тус улсын хэрэгт АНУ хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн дэлхийн хэмжээний арга хэмжээ зохион байгуулна” гэж тэрбээр хэлсэн байна.


АНУ-ын Нью-Йорк хотод хоёрдугаар сарын 23-ны бямба гарагт зохион байгуулах жагсаалд оролцогчид “Венесуэлд дайн хэрэггүй. Нефтийн төлөө дайтах хэрэгггүй” хэмээх уриан дор Уолл-стрит гудамжнаас эхлэн жагсах аж.


Николас Мадурог дэмжихээсээ татгалзаж, Үндэсний ассамблейн тэргүүн Хуан Гуайдогийн саналыг хүлээж авахыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь Венесуэлийн төрийн түшээд болон цэргийнхэнд хандаж уриалаад, эс бөгөөс тэд “бүх зүйлээ алдана” гэж мэдэгджээ. Тэрбээр мөн Венесуэлд төрийн эрх мэдлийг шилжүүлэх үйл явцыг АНУ тайван замаар явуулах хүсэлтэй байгаа боловч “бүх хувилбарыг хэрэглэх” боломжтой гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.


Венесуэлийн парламентын дарга Хуан Гуайдо нэгдүгээр сарын 23-нд өөрийгөө түр Ерөнхийлөгчөөр зарласан билээ. АНУ болон өөр хэд хэдэн улс Гуайдог хүлээн зөвшөөрсөн бол ОХУ, БНХАУ зэрэг хэд хэдэн орон Мадурог Венесуэлийн хууль ёсны Ерөнхийлөгчийн хувиар дэмжиж буйгаа мэдэгдсэн юм.

Холбоотой мэдээ