Эх хэлний тухай шүлгийн дээжис хэвлэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-02-22 13:54:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Яруу найрагч, зохиолч Б.Ойдов Эх хэлний олон улсын  өдрийг тохиолдуулан “Бидний монгол хэл, бичиг” хэмээх ном хэвлүүллээ. Хос буюу кирилл, үндэсний монгол бичгээр хэвлэгдсэн уг номд Монгол Улсын жар орчим, БНХАУ-ын Өвөр Монголын дөч орчим найрагчийн, нийтдээ зуу орчим найрагчийн шүлэг багтсан. Өвөр Монголын нэрт бичгийн хүн До.Баатар босоо монгол бичигт хөрвүүлсэн хэмээн тэрээр ярилаа. 

Б.Ойдов, "Гурван жилийн өмнө нүүр хуудсандаа “Монгол бичиг мину” хэмээх шүлгээ нийтлэхэд минь, яруу найрагч Л.Батцэнгэл “Монгол бичгийн тухай шүлэглэсэн найрагч олон байдаг. Ийм шүлгийн цоморлиг гаргавал зүгээр юм" гэсэн сэтгэгдэл бичсэн юм. Ийнхүү надад анхны санаа төрж, энэ төрлийн овоо хэдэн шүлэг цуглуулсан. Тэгээд нэг удаа Дарханд очтол Цэвээний Цэнд маань бас овоо хэдэн шүлэг цуглуулчихсан байв. Тэгж байтал Америкт суугаа яруу найрагч, зураач Л.Мөнхтөр маань бид хоёртой нэгдсэнээр зөвхөн монгол бичгийн тухай шүлэг биш, эх хэлний тухай шүлгийг хамтад нь гаргая хэмээн ярилцсан юм. Энэ бол хоёр улсын соёлын харилцааны чухал хэрэглэгдэхүүн болсон тул удахгүй Өвөр Монголд илүү том форматаар хэвлэгдэхээр боллоо. Америкт ч бас хэвлүүлэх талаар ярьж байна" гэж ярилаа. 

Уг номд Б.Лхагвасүрэн, Д.Урианхай, О.Дашбалбар, Н.Лутбаяр, Л.Энхтуяа, А.Сувдэрдэнэ, А.Сүглэгмаа, Ч.Чагнаадорж, С.Оюунчимэг, Р.Сайхан-Уул, С.Хургаа,  Ц.Цэвээн зэрэг найрагчийн шүлэг оржээ.

Холбоотой мэдээ