Скрипалийг сураггүй алга болсонд тооцохыг хүсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-02-21 12:16:23

ЯРОСЛАВЛЬ. /RIA Novosti/. ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын /ТЕГ/ хурандаа асан Сергей Скрипалийн ээж хүүгээ сураггүй алга болсонд тооцохыг хүсчээ. Энэ тухай түүний зээ охин Виктория Скрипаль мэдээлсэн байна.


Холбогдох өргөдлийг Москва хотын цагдаагийн газарт өгчээ. Энд мөн Скрипалийн охиныг бүртгүүлсэн байна. Викториягийн ярьснаар, хэрэв Скрипалийг сураггүй алга болсонд тооцвол байр, машин, нохойг нь ээж нь авах аж. "Эд хөрөнгийг нь ямар нэг байдлаар хадгалах хэрэгтэй. Мөрдөн шалгах явцад тэдний хаана байгаа нь мэдэгдэнэ гэж найдаж байна" хэмээн Скрипалийн ээж хэлжээ.


РИА Новости агентлагийн сэтгүүлч Скрипалийн ээжийн гаргасан шийдвэртэй холбогдуулан тайлбар өгөхийг Лондон хотын цагдаагийн газраас хүсэхэд, түүнийг ОХУ-д сураггүй алга болсонд тооцсон тухай мэдэгдлийг тус улсын эрх баригчдаас хүлээж аваагүй гэсэн тайлбарыг өгсөн байна. 


Их Британийн талд тагнуул хийсэн хэргээр эх орондоо ял сонссон ОХУ-ын ТЕГ-ын хурандаа асан Скрипаль болон охин Юлияг өнгөрсөн оны гуравдугаар сарын 4-нд Английн Солсбери хотод хордуулсан нь олон улсад шуугиан тарьсан билээ. Скрипалийг “А234” бодисоор хордуулсан хэрэгт ОХУ холбоотой гэж Лондоны эрх баригчид үзэж байгаа бол Москва үүнийг эрс эсэргүүцэж байгаа юм.


Хурандаа асны биеийн байдал муудсан тухай “Times” сонин Их Британийн тагнуулын газар дахь эх сурвалжуудын мэдээллээс иш татан өмнө нь уламжилсан билээ. Скрипальд гэрт нь эмчилгээ хийж байгаа бөгөөд эмч нар түүнийг бүрэн эдгэрэхгүй байх вий гэж санаа зовниж байна гэж тус сонинд мэдээлсэн юм.


Нагац ах нь нас барсан гэдэгт эргэлзэхгүй байгаагаа Виктория Скрипаль нэг бус удаа мэдэгджээ. Хэрэв үгүй бол тэрбээр ээжтэйгээ заавал холбоо барих байсан гэж үзэж байгаа аж.


Холбоотой мэдээ