Гурвансайхан сумыг шинэчлэх бүтээн байгуулалт үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-02-22 13:03:29
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Хөдөөд хот шиг амьдарч болохын жишээг харуулж, Монгол Улсын хэмжээнд жишиг болон хөгжиж яваа сум бол Дундговь аймгийн Гурвансайхан сум. Сумын шинэчлэлийг эхлүүлснээс хойш өнгөрсөн 5 жилийн хугацаанд тус суманд хийгдэх шинэчлэл, бүтээн байгуулалтын ажил үргэлжилсээр байгааг тус сумын ЗДТГ-ын дарга Б.Энхтуяа онцолж байна.

Монгол Улсын Засгийн газар 2012 оноос “Шинэ сум” сум төслийг 18 аймгийн 19 суманд хэрэгжүүлсэн. Гэхдээ Дундговь аймгийн Гурвансайхан сум Засгийн газраас хэрэгжүүлсэн энэхүү төсөлд хамрагдаагүй боловч тус сумын Нутгийн зөвлөл санаачлан иргэдийнхээ оролцоотойгоор сумаа шинэчилж чадсан туршлага нь одоо бусад аймгуудад түгэн дэлгэрч, энэ жишгээр Завхан аймгийн Алдархаан сум төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

2014 оны 2 дугаар сарын 15-ны өдөр анхны уулзалтаа хийхэд гурван хүн, 2 долоо хоногийн дараа хийсэн уулзалтанд 6  хүн ирж байсан тухай тус сумын Нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэн сумын шинэчлэлийн ажлаа эхэлсэн тухайгаа дурсан ярьсан байдаг.

Цаашдаа иргэд ирж оролцох нь нэмэгдэж, санал бодлоо солилцон хамтран хөрөнгө босгож, иргэд өөрсдөө хандив, мөнгө өгч, сумын ИТХ, Засаг даргын тамгын газар  ОНХС-ийн хөрөнгөө оруулж, хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах зэргээр сум, Нутгийн зөвлөл, иргэд бүгд идэвхийлэн оролцсоноор өнөөдрийн үр дүнд хүрчээ.

Эхний ээлжинд сумын төвийн айл өрхүүд гудамж дагуу жигдрэн блокон суурьтай сараалжин хашаагаар ижилсэж, цэвэр бохир усны шугам, халаалт дулааны нэгдсэн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжаа барьж 3 км засмал зам тавьж, гэрэлтүүлэг хийжээ.

Азийн хөгжлийн банкны 2,5 тэрбум төгрөг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн газраас 250 мянган ам.доллар, Туркийн сангаас 250 сая төгрөг, тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайгаас 250 сая төгрөг, дээр нь Орон нутгийн хөгжлийн сангийн 400 сая, иргэдийн хандивын 300 сая төгрөгөөр эхний хөрөнгө босчээ.

Сумын төвийн өнгө үзэмжийг нэмэгдүүлж, иргэдийнхээ цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд мод тарьж, ногоон байгууламж бий болгох хэрэгцээтэй байсан тул Дэлгэрцогт сумын нутгаас үржил шимт хөрс татан, сумынхаа төвийн хатуу хөрсийг сольж, зүлэгжүүлж, мод бут тарьж эхэлсэн байдаг.


Сумын шинэчлэл цаашдаа үргэлжилж, сумын төвдөө нэгдсэн халаалтанд холбогдож, Соёл, Спорт, Суугаант цогцолбор, 12 жилийн сургууль, 12 айлын орон сууц, шинэ цэцэрлэг  барьж, 2018 онд халаалтын шугамыг гудамж бүрийн эхэнд ойртуулан холбожээ. Ингэснээр 8 айл дулааны нэгдсэн сүлжээнд  холбогдоод байгаа бөгөөд цаашдаа бүх айлуудыг халаалт, цэвэр, бохир устай болгохоор ажиллаж байгаа ажээ.

"Гудамж” төслийнхнийг авчран нэг загварын маш хямд төсөр Хаус хорооллын зургийг гаргаж, анхны сууцыг загвар болгон барьж, ашиглалтад оруулсан байна. 38 м.кв талбай бүхий  сууцыг 25 сая төгрөгөөр барих зураг, төсөл гаргажээ.

Сумынхаа мянгат малчдын уулзалтыг хийж,  мянгат малчин бүр нэг сая төгрөгийн хандив өгөхөөр тохирон “Мянгатын сан” байгуулжээ. 2018 онд 69 мянгат малчинтай байсан бол энэ жил 86 мянгаттай болсон байна.

“Мянгатын сан”-гийнхаа хөрөнгөөр Жижиг дунд үйлдвэрийн парк барьж, ашиглалтад оруулахад бэлэн болоод байгаа ажээ.


Амьдрах орчноо өөрчлөхөд хэн нэгнийг харж, мөнгөгүй хэмээн гараа хумхин суух биш санаачилга гарган, хамтран ажиллаж, зориглон хөдөлж чадвал шинэчлэлийг өөрсдөө эхлүүлж, бусдын дэмжлэгийг авч болдог гэдгийн жишээг Гурвансайханчууд ийнхүү харуулж чаджээ.

Тус сум 661 өрхийн 2088 хүн амтай. Нийт өрхүүдийн 20 хувь нь сумын төвдөө, 80 хувь нь хөдөөд амьдардаг хэдий ч хөдөөгийн өрхүүдийн дийлэнх нь төвдөө хашаа, байшинтай.

“Сумын Шинэчлэл” хийгдсэнээр иргэдийнхээ тав тухтай, илүү сайхан орчинд амьдрах тэр боломжийг бий болгож өгч чадсан, энэ бол хамгийн том өөрчлөлт, үр дүн  юм хэмээн тус сумын ЗДТГ-ын дарга Б.Энхтуяа дүгнэн хэлсэн юм. 

Холбоотой мэдээ