АНУ-ын цэргүүд Сири улсаас гарахдаа Иракаар дамжин өнгөрнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-02-20 14:00:42

МОСКВА. /RIA Novosti/. АНУ-ын цэргүүд Сири улсаас гарахдаа Иракийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрнө гэж тус улсын Ерөнхий сайдын зөвлөх бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Абдулкарим Хашим Мостафа мэдээлжээ.


Түүний мэдээлснээр, Багдад болон Вашингтон холбогдох гэрээг байгуулсан байна. “Дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө бүх зүйлийг хийсэн байх ёстой гэж АНУ-ын тал бидэнд мэдээлсэн. Зүүн Ефрат болон Бангузад явуулж буй ажиллагаа нь дуусмагц тус улс цэргээ татаж эхэлнэ” гэж Мостафа онцлон хэлсэн байна.


АНУ болон тус улсын холбоотнууд террорист “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагааг Сири улсад 2014 онд эхлүүлсэн билээ. Гэхдээ уг ажиллагааг Сирийн эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр явуулж байгаа юм. Тус улсаас цэргээ татах шийдвэр гаргасан тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны 12 дугаар сард мэдэгдсэн боловч уг ажиллагаа хэдийд дуусахыг тодорхой дурдаагүй. 


“Wall Street Journal” сонинд Америкийн Засгийн газрын эх сурвалжийн мэдээллийг иш татан бичсэнээр, хэрэв Цагаан ордон бодлогоо өөрчлөхгүй бол цэргүүдийн ихэнхийг гуравдугаар сарын дунд үе гэхэд Сириэс гаргах бөгөөд энэ ажиллагаа дөрөвдүгээр сарын эцэс гэхэд бүрмөсөн дуусна.

Холбоотой мэдээ