“Цагаан тоос” дэд хөтөлбөрийг ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-02-20 22:20:49
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар  “Цагаан тоос” дэд хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хаягдлын аж ахуйгаас үүдэлтэй цагаан тоос нь үйлдвэртэй ойролцоо оршдог багийн иргэдийн амьдрах орчин, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэж үзэж байгаа тул тусгайлан хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Үүний хүрээнд цагаан тоосны тархалтын талаар экологи, эрүүл мэндэл хэрхэн нөлөөлж байгаа талаар хяналтын судалгаа хийх аж. Мөн дэгдэлтийг бууруулах технологийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, экологийн сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ зохион байгуулах гэнэ.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК нь сүүлийн 10 жилийн хугацаанд 4.5 тэрбум төгрөгийг цагаан тоосны дэгдэлтийг бууруулахад зарцуулсан ч тодорхой үр дүнд хүрээгүй гэж “Цагаан тоос” дэд хөтөлбөр боловсруулагчид үзэж байгаа юм. Өмнө нь орон нутаг, “Эрдэнэт үйлдвэр” ХХК хоёр тус, тусдаа цагаан тоосны талаар судалж, арга хэмжээ авч  байсан бол одоо бүх асуудлаа нэгтгэж ажиллахаар болжээ. “Цагаан тоос” дэд хөтөлбөрийн төслийг  энэ сарын 22-нд хуралдах аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэх ажээ.

 

Холбоотой мэдээ