Банкны зээлийн хүүг бууруулахад анхаарч ажиллахыг Ерөнхий сайдаас хүслээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-02-14 13:07:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХНХ-ын сайд С.Чинзориг нар өнөөдөр МҮЭХ-ны удирдлагууд болон тус холбооны салбар холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд эдийн засгийн өсөлт 6.4 хувьд хүрч, 2018 онд улсын төсөв алдагдалгүй гарсныг Ерөнхий сайд уулзалтын эхэнд дурдлаа. Мөн Засгийн газар эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэн бүрт хүргэх, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхийн төлөө ажиллаж байгааг онцлон тэмдэглээд, “Төрийн албан хаагчдын дундаж цалин 916 мянган төгрөгт хүрч, 2016 оноос 27.5 хувиар өслөө. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг байхаар тогтоолоо. Ингэснээр 100 мянган хүний цалин 33.3 хувиар өслөө. Түүнчлэн Засгийн газар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг 65 хүргэхээр төлөвлөсөн нь Монгол хүний дундаж наслалтаас өндөр байгаа тухай МҮЭХ-ны шүүмжлэлийг хүлээн авч, иргэн өөрөө хүсвэл эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарч болохоор холбогдох хуульд өөрчлөлт оруулсан. Засгийн газар нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны сахилга, хариуцлагыг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилт тавин ажиллаж байгаа. Цаашдаа МҮЭХ-той нягт хамтран ажиллаж, та бүхний шаардлага, санал хүсэлтийг хүлээн авч, иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллах болно” гэлээ.

Энэ үеэр МҮЭХ-ны удирдлагууд болон тус холбооны салбар холбоодын дарга нар нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийн амжиргааг дэмжих чиглэлээр санал, хүсэлтээ хэлэв.

Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2019-2020 оны улсын хэлэлцээрийн төслийн хүрээнд иргэдийн цалин нэмэх, аймаг, орон нутагт нийгмийн түншлэлийг хэрэгжүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Ерөнхий сайдаас хүслээ. Мөн хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих, банкны зээлийн хүүг бууруулахад анхаарч ажиллахыг хүсээд шударга ёсыг тогтоох, төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлэх Засгийн газрын бодлогыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Харин Увс аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ц.Лумжав Засгийн газраас жил бүр ажлын байр олноор бий болгосон шилдэг аймаг, сум, аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах болзолт уралдаан зарладаг байх санал хэллээ. Ингэснээр орон нутагт ажилгүйдэл ядуурал буурч, иргэдийн амжиргаа дээшилнэ хэмээсэн юм. Түүнчлэн эрдэмтэн мэргэдээр 5-10 жилийн дотор Монгол Улсыг эрчимтэй хөгжүүлэх боломжийн талаар судалгаа хийлгэх, алслагдсан аймгуудад татварын зөв бодлого хэрэгжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүүгүй, барьцаагүй зээл олгодог болох нь чухал гэдгийг онцлов.

Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын удирдах зөвлөлд үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг оруулж, ажилтан, албан хаагчдынхаа эрх ашгийг хамгаалах боломжийг бүрдүүлэх саналыг Дархан-Уул аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Нацагдорж гаргасан юм.

Харин “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Төгсбаяр тус компанийн хувьцааны 10 хувийг компанийн ажилтнуудад давуу эрхтэйгээр олгох санал гаргалаа. Ажилтан, албан хаагч нь тухайн компанийнхаа хувьцааг эзэмшсэнээр хөдөлмөрийн бүтээмж өсөх боломж бүрдэнэ гэдгийг дурдаад, энэ нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын дунд сайн жишиг болно хэмээв.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Монгол Улсын эдийн засгийг уул уурхайгаас хэт хараат байдлаас салгахгүй бол дахиад хямрана. Тиймээс жижиг дунд үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэхийн төлөө Засгийн газар ажиллаж байна. Монголын нэг том дайсан бол ажилгүйдэл. Тиймээс төр бизнес эрхлэгчдийг дэмжих болно. Түүнчлэн монголчууд байгалийн баялагтаа эзэн байх нь чухал. Тиймээс хууль бусаар авсан өмч хөрөнгийг Монголын төр буцааж авна. Газрын тос боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулснаар бид жилд гадагшаа урсгадаг тэрбум ам.долларыг дотооддоо авч үлдэнэ. Ингэснээр шатахууны үнэ, ам.долларын ханш бууна. Улаанбаатар хотоо утаанаас салгахын тулд сайжруулсан түлшний үйлдвэрүүдээ түшиглэж ажиллах болно. “Эрдэнэс Тавантолгой” компани бүх өрөө дарж, “Эрдэнэт үйлдвэр”-ээс илүү ашиг олох боллоо. Энэ бүхэн ард түмний амьдралд эергээр нөлөөлж, улсын эдийн засагт үр шимээ өгөх учиртай. МҮЭХ-ны Ерөнхийлөгч болон гишүүдийн саналыг судлан, хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж болно” гэв. 

Холбоотой мэдээ