Батцэнгэл сумаас хамгийн олон “Алтан төл”-ийн эзэн тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-02-14 11:10:57

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгаас шороон нохой жилийн ажил үйлс, хамгийн олон төл бойжуулсан 19 малчин “Алтан төл”-ийн эзэн болсон. Энэ жил Батцэнгэл сумаас “Алтан төл”-ийн эзэн хамгийн олон буюу дөрөв төрсний нэг нь "Алтан унага“-ны эзэн тус сумын Хөнөг багийн малчин А.Батбилэг юм. А.Батбилэг нь 1977 онд Архангай аймгийн “Бүрд” хэмээх газар төрсөн, одоо 42 настай, эхнэр хүүхдийн хамт амьдардаг залуу малчин юм.


А.Батбилэг нь өөрийн идэвх зүтгэл, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд мал сүргээ өсгөн үржүүлж, бэлчээрийг хуваарьтай ашиглах, хадлан тэжээл бэлтгэх ажилд өөрийн хүч хөдөлмөрөө шавхан зарцуулж, малаа 100 хувь онд оруулж, нэгжээс авах ашиг шимийг нэмэгдүүлэх, нэг ямаанаас 300-500 гр ноолуур, нэг хониноос 1,4-1,5 кг ноос, 100 эхээс 100-112 төл хүлээн авч, сумын сайн малчин, мянгат малчин төдийгүй 2014 онд аймгийн аварга малчин болж байжээ.


Тэрээр бага насаа эцэг, эхийн дэргэд өнгөрөөж, 1993 онд  Батцэнгэл сумын 10 жилийн дунд сургуулийн 8 дугаар анги төгссөнөөсөө хойш  26 жил мал маллаж, эрдэнэт мал сүргээ төрөл бүр дээр өсгөн, сум орон нутгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж яваа тэргүүний залуу малчны нэг ажээ.


А.Батбилэг малын үүлдэр угсааг сайжруулах, малын эрүүл мэнд, малын таваарлаг чанарт байнга анхаарч,  мал аж ахуйн мэргэжилтний зөвлөгөөний дагуу мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг графикийн дагуу цаг алдалгүй хийлгэдэг байна. Мөн үржил селекцийн ажилд голлон анхаарч хонио Тамир, Баяд, Алтанбулаг үүлдрээр, ямаагаа Эрчмийн хар, адуугаа Хэнтий, Дорнод аймгийн адуугаар, үхрээ Сэлэнгэ үүлдрээр сайжруулж, хээлтэгч хээлтүүлэгчийн зохистой харьцааг тохируулан сүрэгт эзлэх эх малын хувийн жинг бодод 40-өөс дээш, богд 55-аас дээш хувьтай байлгаж,  сүргийн бүтцэд үндсэн сүргийн хээлтэгчийг нөхөхөд хүрэлцэх хэмжээний өсвөр мал зохих хувиар өсгөн бойжуулж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ