АНУ-ын буцалтгүй тусламжаар нийслэлийн усан хангамжийг сайжруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-30 17:11:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс, АНУ хооронд байгуулах Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг гэрээг Монгол Улсыг ГХЯ, АНУ-ыг Мянганы сорилтын корпораци төлөөлөн өнгөрсөн оны долдугаар сард байгуулжээ. Гэрээний хүрээнд АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох бөгөөд энэхүү хөрөнгөөр Улаанбаатар хотод гүний худаг гаргах, ус цэвэршүүлэх үйлдвэр барьж, нийслэлийн усан хангамжийг сайжруулахаар төлөвлөсөн гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар илтгэлдээ дурдлаа.

Хүн амын усан хангамжийг сайжруулж, Улаанбаатар хотод тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлэх гэрээ тул БОАЖЯ, БХБЯ, НЗДТГ болон бусад холбогдох байгууллага гэрээг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй гэдгийг хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Ж.Энхбаяр, О.Содбилэг, Д.Лүндээжанцан нарын гишүүд онцолж байлаа.

Ингээд санал хураахад гишүүдийн олонх хуулийн төслийг дэмжиж, чуулганд танилцуулахаар боллоо.

Холбоотой мэдээ