Монгол Улсын Консерватори Гёте институттэй хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-01-28 14:13:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Консерваторийн захирал Ц.Пүрэвхүү Монгол дахь Гёте институтийн захирал Михаэль Хайнстыг өнөөдөр хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.

Монгол Улсын Консерваторид жааз-орчин үеийн хөгжмийн бакалаврын түвшний боловсрол олгох сургалтыг 2016 оноос явуулж байгаа нь үр дүнд хүрснийг тэмдэглээд, энэ чиглэлийн хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх талаар харилцан тохиролцлоо. Хичээл заах мэргэжлийн багш нарыг сонгох, сургалтын хөтөлбөр боловсруулах, хичээлийн хэрэглэгдэхүүн, хөгжмийн зэмсгээр хангах талаар Германы талын хийж байгаа ажил, цаашид сургалтыг Консерваторийн тэнхмийн хэмжээнд зохион байгуулах чиглэлээр ажиллах боломж бүрдүүлэхээр талууд ярилцаж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд заасны дагуу Герман болон бусад улсын нэр хүнд бүхий консерваториудын мэргэжлийн багш нар богино хугацаагаар Монголд ирж, оюутнуудад хичээл заах юм. Хамтын ажиллагааны энэхүү гэрээний заалтыг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх аж.

Холбоотой мэдээ