Нэг өдрийн цалингаараа хүүхдийн эмнэлэгт агаар цэвэршүүлэгч хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-01-25 17:21:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын нийт албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлаж, хүүхдийн зарим эмнэлэгт ХЕПА шүүлтүүр бүхий 16 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмж гардууллаа. 

Тухайлбал, хүүхдийн 70 ортой тасаг нээн ажиллуулж буй Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд 8, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд тус бүр 4 ширхэг төхөөрөмж өгсөн юм.

Мөн энэ үеэр “Мон тө бэ” хувийн эмнэлгийн их эмч Ч.Энхтуяа болон түүний гэр бүл хүүхдийн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай хүчилтөрөгч өтгөрүүлэгч төхөөрөмж хандивласныг СХД-ийн эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгөв.
Агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг хэрэглэснээр гадаад болон дотоод орчны агаарын бохирдлоос сэргийлэх төдийгүй хүүхдийн эмчилгээнд эерэг нөлөө үзүүлэх юм. Агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед эмнэлэгт хэвтэж буй хүүхэд багачуудынхаа эрүүл мэндийн төлөө энэхүү ажлыг дэмжин, үргэлжлүүлэхийг НЭМГ-аас нийслэлийн төр, захиргааны байгууллагуудад  уриаллаа.

Холбоотой мэдээ