Хүчит 64 бөхийн барилдаан болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-01-23 21:54:30

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ой, шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан болж байна. Барилдаанд аймаг цэргийн цолтой 64 бөх зодогложээ.

Аймгийн арслан Б.Баярхүү, М.Баасанбат, Б.Зоригтбаатар нарын тэргүүтэй 64 бөхийн 15 нь аймгийн цолтой, сумын цолтой хоёр бөх байгаа бол үлдсэн нь цэргийн цолтой болон залуу бөхчүүд байна. Мөн барилдаанд Монгол Улсын заан, Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлөийн дэд тэргүүн  Ц.Магалжав, Монгол Улсын харцага Ш.Мөнгөнбаатар, Монгол Улсын начин Б.Батжаргал нар бөхийн барилдааны хүндэт зочдоор уригджээ.


Тус барилдааныг уламжлал ёсоор аймгийн ИТХ, ЗДТГ, аймгийн Үндэсний бөхийн холбоо, Биеийн тамир спортын газар хамтран зохион байгуулж байгаа юм. Барилдааныг нээж аймгийн ИТХ-ынн дарга Б.Мөнхбат хэлсэн үгэндээ “Энэ удаагийн барилдаан нь давхар давхар баярт зориулсан гэдгээс гадна өнгөрсөн жилийн улсын баяр наадамд амжилттай сайн барилдаж Сүхбаатарчуудын хүсэн хүлээж байсан улсын цолыг авсан Монгол Улсын харцага Ш.Мөнгөнбаатар, Монгол Улсын начин Б.Батжаргал нарт хүндэтгэл үзүүлэх барилдаан болж буйгаараа онцлог. Мөн бөхийн спортыг сэтгэл зүрхээрээ дэмжиж, үргэлж хамт байдаг бөх сонирхогчид, бөхийн спотын иээн тэтгэгчиддээ талархал илэрхийлэх өдөр юм.” гэв.

Харин аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар нийт бөхчүүддээ амжилт хүсээд бөхийн спортыг хөгжүүлэх, бөхчүүдийнхээ амжилтыг ахиулахын төлөө үргэлж хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. 

Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсан өдөр буюу жил бүрийн 01 дүгээр сарын 13-ны өдөр уг барилдааныг зохион байгуулдаг ч энэ жилийн хувьд сар шинийн баярын барилдаантай цуг явуулахын тулд ийнхүү хойшлуулсан байжээ. 

Холбоотой мэдээ