ЖДҮХС-гийн зээлийг хүчингүй болгох хууль хэрэгжихгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-22 15:38:04
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнууд зээл авах эрх зүйн орчинг бий болгосон ХХААХҮ-ийн сайдын А/88 тушаалыг хүчингүй болгох хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа талаар шүүхэд гомдол гаргасан гэж “Онч шийдэл” ТББ-ын хуульчид өнөөдөр мэдээллээ.



Хуульч Ж.Эрхэмбаатар, "Нийтийн эрх ашгийн төлөө, хууль бусаар төсвийн хөрөнгийг захиран зарцуулсныг ТББ шүүхэд нэхэмжлэх боломжтой. Энэ дагуу ЖДҮХС-гийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан гэх үндэслэлээр Захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхэд хандсан. Тус сан нь төсөл сонгон шалгаруулах журмаар ААН-үүдэд зээл олгодог. Гэтэл ХХААХҮ-ийн сайд дээрх журамд өнгөрсөн онд оруулсан хоёр өөрчлөлтөөс болж өнөөдрийн маргаан буюу 124 ААН хөнгөлөлттэй зээлд хамрагдсан асуудал үүссэн” гэв.



Нийтийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах эрх зүйн боломжийг ашиглан  тус байгууллага Засгийн газарт учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхийг даалгасан нэхэмжлэлийг шүүхэд хүргүүлсэн талаар өнгөрсөн оны тавдугаар сард танилцуулсан. Энэ ажилд тодорхой ахиц гарч, хэрэг шийдвэрлэх ажиллагаа явж байгаа талаар Хуульч Ө.Эрдэнэ-Очир мэдээлэв. Тэрбээр, “УИХ-ын зарим гишүүн ЖДҮХС-гаас хууль журмын дагуу хөнгөлөлттэй зээлд хамрагдсан гэж ярьж байгаа. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл мөн гэдгийг дахин тодотгож хэлмээр байна. Учир нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 20.2 дахь заалт бий. Үүнд УИХ, ЗГ-ын гишүүн, орон нутгийн удирдлага, төрийн болон төрийн өмчит байгууллагын удирдах албан тушаалын хүмүүс төсвийн хөрөнгө оруулалттай аль нэг зээлд хамрагдахыг хориглодог. Гэтэл ХХААХҮ-ийн сайдын А/88 тушаалаар төрийн өндөр албан тушаалтан ЖДҮХС-гаас зээл авах эрх зүйн орчин бүрдсэн. Дээрх хуулийн 62 дахь хэсэгт, хууль зөрчсөн тушаал, шийдвэрийг шүүхээр хүчингүй болгож, хариуцлага тооцох зохицуулалттай. Энэ заалтыг хэрэгжүүлж, А/88 тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан" хэмээв.

ХХААХҮ-ийн сайдын дээрх тушаал хүчингүй болсноор, ЖДҮХС-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнууд зээлээ нөхөн төлөх эрх зүйн үндэслэл бий болж, хариуцлага хүлээх төдийгүй төсөлд тэнцсэн ЖДҮ эрхлэгчдэд олгох ёстой мөнгө жинхэнэ эзэддээ хүрнэ" гэдгийг онцлон хэллээ.

Хуульч, өмгөөлөгч Б.Мэргэн, “АТГ-ын мэдээллээр, ЖДҮХС-гийн сонгон шалгаруулах хороонд дэмжигдсэн ч  санхүүжилтээ авч чадаагүй 300 гаруй төсөл байна. Хэрэв А/88 тушаал хүчингүй болж, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн гэм буруутай нь тогтоогдвол улс төрийн болон хуулийн, ёс зүйн хариуцлага хүлээх ёстой. Гишүүд авлигын эсрэг хууль, ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль, УИХ-ын тухай хуулийн 10 гаруй заалтыг зөрчсөн” гэлээ.


Онч шийдэл ТББ-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгчийн захирамж


Холбоотой мэдээ