Ч.Дамдиндорж: Яруу найргийн орчуулга бол шүлэг бичихээс нэн хэцүү

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-01-22 15:11:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МЗЭ, МҮЧЗХ-ны шагналт яруу найрагч Ч.Дамдиндорж сүүлийн үед Оросын яруу найрагчдын шүлгээс дээжлэн орчуулж уншигчиддаа ном болгон хүргэх оюунлаг их үйлсийг эхлүүлээд байгаа. Сергей Есениний 100 гаруй шүлгийг орчуулан "Бурхнаас илгээсэн найрагчийн дуулал" ном гаргасан нь олны анхаарлыг татсан. Судлаачид ч ам сайтай байгаа. Тиймээс түүний орчуулгын тухай энэ удаа ярилцлаа.

-За сайхан өвөлжиж байна уу...Энэ өвлийн орчуулгын шинэ бүтээл юу байна?

- Бид бол яруу найрагч. Яруу найраг гэдэг бол бидний өмнөх үед яруу тансгийн гайхамшгийг мэдрүүлж байжээ. Гэтэл одоо ямар ч сайхан юм бичье гээд ч сайн муу хоёрын ялгаа гарахаа больсон байна. Яагаад гэхээр, хүн бүхэн шүлэг бичих санаатай болчихсон. Саявтархан Төрийн шагналт, Ардын ура нзохиолч Дөнгөтийн Цоодол ах ярьж байна. Яруу найргийг бузарлачихлаа, чадах чадахгүйгээрээ, бүгд яруу найраг руу хошуурцгаагаад л. Энэ бол эмгэнэл юм гэж харамсан ярина билээ. Тиймээс үүнийг гэрэлтүүлж, бузартсан харанхуйгаас гэгээрүүлэхэд дэлхийн гайхамшигтай зохиол бүтээлийг аль болох монгол руугаа буулгаж, яруу тансаг хэм хэмжээгээр нь монгол хэлнээ хөрвүүлэхийг хэн бүхэн чармайх нь зүйтэй байна. Гадны яруу найргийг тэр хэлийг мэддэг хэн дуртай нь орчуулдаг юм биш ээ. Үүнийг зөвхөн монгол хэлээ  маш сайн мэддэг, яруу найргийн яруу тансаг илэрхийллийг ямар ч тохиолдолд гаргаж чаддаг тийм л хүн орчуулгыг хиймээр санагдаад байгаа юм. Гэтэл сүүлийн үед гадаадад сурах нь ч элбэгшсэн. Тэгээд ирүүтээ орчуулагч болчихлоо гээд л бодоцгоох болоо юу даа.  Александр Пушкин ч юмуу, Сергей Есенин ч байдаг юм уу, Расул Гамзатов ч гэх үү, эднийг орчуулахад л бүгд ялгаатай, сэтгэмж нь, үг хэллэг нь,  яруу найргийнх нь амин сүнс нь эрс өөр байдаг. Би бодож байгаа, монголчууд оросын яруу найраг, уран зохиолоор хүмүүжсэн. Түүнийг их бодож явдаг. Оросын найрагчид гагц оросдоо бус дэлхийд гайхагдсаар байна. Тэдний уран бүтээлээс уншигчиддаа хүргэе гэж хичээж байгаа. Одоогоор Оросын нэрт яруу найрагчдын бүтээлээс хөрвүүлж сууна. Р.Гамзатов, А.С.Пушкин, С.Есенин, Е.Евтушенко, Н.Блок зэргийн яруу тансаг шүлгээс буулгасан нэг ном хийх гээд чадан ядан чармайж байна даа

-Таны  С.Есениний “Бурхнаас илгээсэн найрагчийн дуулал” орчуулгын номыг үзлээ. Есениний үг хэллэгийг монгол хэлний яруу хэллэгтэй ихэд дүйцүүлсэн санагдлаа...яагаад Есенинийг сонгон орчуулах болсон бэ?

-Би дөрөвдүгээр ангиасаа л шүлэг бичсэн. 10 дугаар анги төгсөх үед М.Цэдэндоржийн орчуулгаар С.Есениний ном гарсныг олж үзсэн. Тэр номноос хоёр гурвыг авч нурууг нь холцортол, хуудсыг нь халтарттал уншиж, Есенинд өөрийн эрхгүй автсан даа. Тэр үеэс Есениний уянгыг мэдэрч, уусгаж шингээж авсан санагддаг. Түүнээс гадна янз бүрийн хүмүүс Есенинийг орчуулж байгааг хараад, зарим нь үнэхээр Есенин рүү орж нэвтэрч чадаагүй санагдсан. Тэгээд л би өөрөө нухаж, Есенин дотор орж үзье хэмээгээд орчуулахаар шийдсэн. Есенинг уншиж, гайхаж бахадсан цагаас хойш  хагас зуун  жил болжээ. Өөрөө ч шүлэг бичиж, ямраар нь ч бичиж чадах хэмжээгээ мэдэрсэн. Түүндээ эрдээд л орчуулж болох юм уу гэж бодсон. Хэл мэдэх, шүлэг мэдэх хоёртоо ч эрдсэн гэх үү. Есениний 100 гаруй шүлэг орчуулаад ном болгосон нь тэр ээ...

-Шүлэг орчуулах нь хэн бүхний хийх ажил биш ээ гэж та хэллээ. Тийм болохоор ч гадаад хэлнээс шүлэг орчуулдаг хүн цөөхөн. Ялангуяа сүүлийн үед орос хэлний сургалт манайд суларлаа. Орос хэлээр ярьдаг, бичдэг, уншдаг нь ч бүр цөөрсөн. Ийм үед Оросын сонгодог яруу найрагчдын шүлгийг орчуулж буй тань цагаа олсон, орхигдож байгаа орон зайг нөхсөн сайхан үйлс. Тиймээс орос хэлийг яаж эзэмшив?

-Хүнд нэг давуу чанар гэж байдаг. Би бол орос сургууль төгсөөгүй. Хөдөөний л жирийн нэг хүүхэд. Гэтэл тэр үед залуучуудыг сургахдаа орос хэлийг сур гэдэг, сургахын тулд ч анхаарал их тавьдаг байж. Хүүхэд байхаас л орос хэлний дүрмээс эхлээд, орос хэлний орчуулга, орос хэлний хэрэгцээ гэдгийг мах цусанд шингэтэл ойлгуулж байжээ гэж одоо бодож байна. Орчуулж суухад бол мэдэхгүй, чадахгүй юм гарна. Орчуулга хийх нь шүлэг бичихээс хэд дахин хүнд ажил юм байна гэдгийг ойлголоо. Олон зовлон тохиолдож байна. Орос үгийг яг үгээр нь шууд тулгаж болохгүй. Гэтэл нэг орос үгийг монголоор хэдэн арав дахин утга алдалгүй хувиргаж болох чихнээ чимэг болсон гайхамшиг манай хэлэнд байна. Энэ гайхамшгийг ашиглаж чадах юм бол Оросын яруу найргийг монгол хэл дээр яруу тансгаар буулгаж болдгийг мэдэрлээ.

-Яг үнээн. Орос хэлний сургуульд сураагүй ч М.Цэдэндорж ямар мундаг орчуулдаг байлаа...монгол хэлнийхээ тансгаар  Пушкины “Алтан загасны үлгэр”-ийг Ц.Дамдинсүрэн гуай яаж буулгалаа...Ч.Чимид “Евгений Онегин”-ийг монгол хэлний яруу гайхамшгаар яаж хөрвүүллээ...Таны ярианд ч энэ л сайхан орчуулгуудын амин сүнс сонсогдоод байна. Тиймээс орос хэлний баян тансагтай монгол хэлний баян тансгийг хослуулахад бас нэг талаар хэцүү биш гэж үү?

-Наадах чинь бодохоор асуулт байна. Орос хэл бол бүтцийнхээ хувьд ч, үг оноолтынхоо талд ч их ялгаатай л даа. Оросууд монгол хэлний хоёр гурван үгээр илэрхийлэх утга агуулгыг ганцхан үгээр хэлчихдэг. Тэгэхээр л орчуулагч нар Оросын ганц үгийг л ганц үгээр орчуулах гээд будилдаг. Үгээ сайтар сонгоод үгийнх нь яруу тансгийг л гаргаж өгөх хэрэгтэй. Оросын нэг үгийг  нь  монгол дээр хоёр гурван үг болж хувирахдаа илүү гоё хэлэгдэх нууцлаг увдис байгааг орчуулах явцад  ойлгосон гэх үү дээ

-Орчуулгын нарийн нандин утга учрыг та сайхан тайлбарлаж өглөө. Одоо таны яруу найрагчийн хувьд хийж бүтээж буй уран бүтээлээс сонирхмоор байна?

-Би хүүхэд үеэсээ шүлэг бичсэн мөртөө яг Монголынхоо уран зохиолын гишүүн болж элстэлээ хожуу орж ирсэн. Яагаад гэхээр, утга зохиолын мэргэжлээр биш МУИС-ийн физик, математикийн факультетийг Цаг уурын инженер мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ ШУА-ын газар зүйн хүрээлэнд бичил уур амьсгалын судалгааны ажил хийж нэлээд хэдэн жил болсон. 1981 онд дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн шавь болсноор их утга зохиол руу орж ирсэн. 1981 онд “Цог” сэтгүүлийн “Оч” буланд Явуу багш  шүлгийг минь нийтэлж их урам хайрласан. Дараагийнх нь “Оч”-д Данзангийн Нямсүрэнг Явуу багш бас гаргасан. Тэгээд л багш минь насан өөд болсноор хамгийн сүүлч уншигч түмэнд танилцуулсан хоёр хүн нь бид хоёр болсон доо. Үүнээс хойш голдуу яруу найргийн ном бичлээ. Одоогоор 20 гаруй ном хэвлүүлээд байна. Хэвлэгдээгүй өв бас байна аа байна. МЗЭ болоод МҮЧЗХ-ны шагналуудыг номныхоо буянаар хүртсэн дээ.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Уран бүтээлийн шинэ амжилт хүсье.


 


Холбоотой мэдээ