Сүхбаатар аймгийн нутагт "Хүнхэр цант" нэртэй судлагдаагүй том нүх бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-01-21 14:42:04

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын төвөөс баруун хойш 70 км "Хүнхэр цант" нэртэй газар үл мэдэгдэх том хэмжээний нүхийг одоогоос 10 гаруй жилийн өмнө илрүүлжээ. Энэхүү эгц нүхэнд мал унаж үгүй болох нь ихэссэн тул орон нутгийн зүгээс нүхийг тойруулан хашаа татсан байна.

Нүхний амсрын тойрог нь 4-5 метр, доош нурж тогтсон хэсэг нь 6-7 метр аж. Дээрээс нь сайн харвал дотор хэсэгт нь харагдаж байгаа тогтсон шороон хэсгээс хоёр тийш харанхуй нүх харагддаг байна. Нутгийн хүмүүсийн яриагаар энэ хавьд морьтой давхиж явахад газрын доор хөндий дуу гарч, өвөл нүхнээс уур гардаг гэнэ. Хэдийгээр эрдэмтэд өнөөг хүртэл судалж тогтоогоогүй боловч нутгийн иргэд түүнийг агуй байж болно хэмээн ярьдаг. Мөн зарим хүмүүс шохойн чулууны үе хөрсний усанд идэгдэн үгүй болж үүссэн хөндий гэж үзэх хүмүүс ч байдаг байна.

Монголчууд эрт үеэс л газар усны нэрийг маш онож өгсөн байдаг. Хүнхэр цант хэмээх нэр нь цантсан том хүнхэр нүх, агуйг дүрсэлсэн байж болох юм. Одоогоос 10 гаруй жилийн өмнө нэгэн хүн хэсэг зээр хөөж явтал урд нь явсан зээр гэнэт алга болж. Гайхаад очиж хартал эгц том нүхэнд зээр нь унасан байсныг хараад анх энэхүү нүхийг мэдсэн түүхтэй аж. 

Холбоотой мэдээ