“Түрээсийн орон сууц” дэд хөтөлбөр боловсруулахыг үүрэг болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-01-07 21:29:42
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн I хуралдаанаар ИТХ-ын энэ онд хийх ажлын төлөвлөгөөг батлахын сацуу “Түрээсийн орон сууц” дэд хөтөлбөрийг яаралтай боловсруулахыг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст үүрэг болголоо.

Тус хэлтэс өнгөрсөн онд анхан шатны боловсруулалтаа хийгээд аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн боловч зарим асуудлаас болж батлагдаж чадаагүй юм. Тухайлбал, Орхон аймагт одоо баригдаж байгаа түрээсийн орон сууцыг “Түрээсийн Орон сууцны корпораци”  ТӨХК Хөгжлийн банкны санхүүжилтээр барьж байгаа юм. Нийт 315 айлын орон сууцны хэдэн хувийг иргэдэд түрээсээр олгохыг Засгийн газраас шийдвэрлэх ажээ. Иймд “Түрээсийн орон сууц” дэд хөтөлбөрийг боловсруулагчид Засгийн газрын шийдвэрийг иртэл 2019 оны зургадугаар сар хүртэл хойшлуулсан байна. Харин үүнийг ИТХ-ын тэргүүлэгч Д.Эрдэнэбат яаравчлах хэрэгтэй, иргэдэд түрээсийн орон сууцны эрэлт их байна гэдгийг анхааруулсан юм. Аливаа бодлогын баримт бичиг, дэд хөтөлбөрүүд эхлээд Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдээд ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал, ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэгдэж батлагддаг юм. Үүний дагуу I хуралдааны үеэр тэргүүлэгчид түрээсийн орон сууцны асуудлыг хөндөн ярьж Засаг даргын зөвлөлийн хурлаар дахин хэлэлцэх хэрэгтэй гэлээ.

 

Холбоотой мэдээ