Ахмад сэтгүүлч атрын их ойдоо уран бүтээлийн бэлэг барилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Эдүгээ 85
насны сүүдэр зооглож буй ахмад сэтгүүлч Ж.Халтар “Атар 60 жил” шүлэг, найраглал, найруулал, дурсамж,
сэтгэгдэл, түүх намтар, сэтгүүлчдэд өгсөн зөвлөмж зөвлөгөө, гэрэл зургийн цомог
бүхий номоо өргөн барьж, түүхт ойд
зориулсан уран бүтээлийн салхийг хагаллаа.
Сэлэнгэ аймгийн хувьд энэ онд Атар газар эзэмшсэний 60 жилийн
ой тохиож байгаа. Эл түүхт ойг
тохиолдуулан ахмад сэтгүүлч Жигмэдийн Халтар ийн номон суваргаар бэлэг барьжээ. Нээлтийн
арга хэмжээг номын сангийн захирал, түүхч, угсаатан судлаач С.Шинэчимэг, тус номын редактор Н.Оюунмаа, Орон нутаг
судлах музейн захирал Л.Бямбаа нар хамтран зохион байгуулжээ.
Өвгөн сэтгүүлч номондоо 1960 оноос өнөөг хүртэл бичиж туурвисан
шүлэг, найраглал, найруулал, шог хошин шүлэг, сурвалжлага, нийтлэлээсээ сорчлон
оруулж, долоон бүлэгт номоо хуваажээ. Мөн залуу сэтгүүлчдэд
зориулсан зөвлөгөө, Намын дээд сургуулийн философийн танхимын сэтгүүлчийн
ангийг төгсөхдөө “Өв тэгш бие хүнийг хүмүүжүүлэхэд тогмол хэвлэлийн роль”
сэдвээр хамгаалсан курсын ажил, насаараа залуучуудын байгууллагад ажилласан
хүний хувьд “Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл”-ийн ажил үйлсээ дурсан
“Таван одонт байгууллагадаа өвгөн би баярлаж явдаг” сэтгэгдэл, гэрэл зургийн
түүх зэрэг бүлгүүд ч байлаа. Ж.Халтар
гуай Завхан аймгийн Наран сумын нутагт 1935 онд төрсөн бөгөөд нутаг усныхаа дурсан, тэдний нэр усыг
оруулж, өөрийн бага насны дурсамжаа ч номондоо оруулжээ. Мөн Атрын 2-р аяны үед буюу 1981 онд
ангиараа илгээлт аван Зүүнхараагийн САА-д очиж ажилласан Сүхбаатар сумын
Бумцэндийн нэрэмжит 1-р сургуулийн 8в бүлгийн хамт олны талаар “Хүсэл нийлсэн
24” сурвалжилсан тэмдэглэл, Атар газар хагалж анхны шанг татаж байсан тухай
олон арван шүлэг, газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймгийн сум, САА-н алдар гавьяаг магтан дуулсан найраглалууд нь
номын баярт оролцсон төлөөлөгчдөд ихэд таалагдлаа. Нээлтийн үеэр Сэлэнгэ аймгийн Нийгмийн
хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Энхбат “Халтар гуай бол аргагүй л атрын 60 жилтэй,
атартай холбоотой амьдрал ажил үйлс нь бүхий л зүйлсээрээ холбоотой хүн. Тэр
дундаа Баянгол сумтай холбоотойг нь мэднэ. Миний ээжийн эвлэлийн хороон дарга байхдаа жинхэнэ атрын аянд
залуучуудыг дуудаж, уриалж, Баянгол сумын ойгоор залуучуудаа дуудаж, зохион
байгуулж, уулзаж байсан хүн. Атар
гэдэг бол Сэлэнгэ аймагтай салшгүй холбоотой. Дээр нь Ж.Халтар гуай, Сэлэнгэ аймаг, Атар гурав бол салшгүй холбоотой. Сэлэнгэ аймаг атрын гурван удаагийн аянг өрнүүлэхэд түүчээлэн оролцсон үр тарианы
хэрэгцээний 60 орчим хувийг үйлдвэрлэдэг аймаг. Энэ ч үүднээс атрын 60 жилтэй
холбоотой анхны оюуны бүтээл гаргасан Халтар гуайдаа баяр хүргье” гэлээ.
Зохиогч Ж.Халтар “номын маань нээлтэд
хүрэлцэн ирсэн эрхэм мэргэжил нэгт нөхөд
та нартаа эрүүл энх, аз
жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Миний энэ ном түүхэн үед бичигдлээ. Яагаад гэвэл атар газар монгол улсад бий
болж хөгжсөн 60 жилийн ойд зориулан гарч байгаа номны анхдагч нь болж байна. Аймаг орон нутгийн удирдлагууд ихэд
хүндэтгэлтэй авч байгаад би
баяртай байна. Энэ номонд маань тухайн үед газар тариаланд ажиллаж амьдарч
байсан одоогийн хөдөлмөрийн баатар, гавьяатуудын залуу сайхан үед нь бичиж
байсан шүлгүүд орсон. Тухайлбал
Түшиг, Цагааннуур, Тийрэгийн хөндийд Санжаа баатар, Талын нуруунд Алтангэрэл баатар, Ноён уулын хормойд Цайван баатар,
Цагаантолгой, Ар тойлбод Эрхэмбаяр баатар нар атрын шангаа тавьж байсан ажил амьдрал,
үйл явдал дүүрэн байна. Энд саальчид, залуучуудын илгээлтээр гарч ажиллаж
байсан бүхнийг сэтгэлд бууснаар бичиж шүлэглэсэн бүтээлүүд маань орсон. Нас сүүдэр 85 хүрч байгаа ч Сэлэнгэ
аймгийнхаа 90, МХЗЭ-ийн 100 жилийн ойд зориулан гаргахаар бодож төлөвлөж
байгаа юм бий” хэмээв.
Мөн Сэлэнгэ
аймгийн номын сангийн захирал
С.Шинэчимэг “Өнөөдөр
хэдийгээр нэг зохиолчийн ном хэдий ч Сэлэнгэ аймгийн түүхтэй салшгүй
холбоотой энэ хүний бичиж туурвисан бүтээлийн дээж гарч байгаад баяртай үйл
явдал болж байна. Энэ номыг бичихэд, өлгийдөж авахад манай номын сангийн хамт
олон бүгд өөр өөрийн хувь нэмрээ оруулж, тодорхой хэмжээнд ажиллалаа” гэлээ.