Баянхонгор аймаг Хүүхдийн эмнэлэгтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-01-02 21:44:24

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт 50 ортой Хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо. 

Эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал нарын аймгийн удирдлагууд, газар хэлтсийн дарга нар, Нэгдсэн эмнэлгийн хамт олон оролцов. Баянхонгор аймаг нь 30 гаруй мянган хүүхэдтэй. Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг амьсгалын замын өвчлөл, суулгалт, нярай, бусад өвчлөлтэй хүүхдүүдийг орон байрны хүрэлцээгүйгээс шалтгаалан зааггүйгээр хэвтүүлэн эмчилдэг байсан юм. Энэ байдлаас үүдэн хэвтэн эмчлүүлэгсэд эмнэлэг дотоодын халдвар авах хүндрэлтэй нөхцөл байдал сүүлийн жилүүдэд үүсээд байсан талаар албаныхан хэлж байв. Тиймээс хүүхдийн өвчнийг төрөлжүүлэн эмчлэх эмнэлэг барих зайлшгүй шаардлагыг аймгийн удирдлагууд холбогдох яам, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга нар, УИХ-ын гишүүдэд тавьж, аль аль шатандаа анхаарч хөөцөлдсөний үр дүнд өнөөдөр ийнхүү Баянхонгор аймаг Хүүхдийн эмнэлэгтэй болж байгаа аж. 

Эмнэлэг ашиглалтад орохтой холбоотойгоор ажиллах сувилагч, үйлчлэгчийн орон тооны шаардлагаар ажлын байр нэмэгдэх бол хүүхдийн нарийн мэргэжлийн эмч, боловсон хүчний хувьд хангалттай бэлтгэгдсэн гэдгийг Нэгдсэн эмнэлгийн дарга онцолж байна.

Нийт 3.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий тус  хүүхдийн эмнэлэг нь зоорийн давхартайгаа нийлээд дөрвөн давхар барилга юм. Барилгыг Ц.Эрдэнээ захиралтай орон нутгийн “Хаш Гоёо” ХХК өнгөрөгч зургадугаар сард эхлүүлэн чанарын өндөр түвшинд гүйцэтгэлийг хийжээ.

Тус эмнэлэг нийт 92 өрөө тасалгаатайгаас гадна өрөө бүр нь хүүхдийн ариун цэврийн өрөө, амрах хэсэгтэй. Зоорийн давхартаа гал тогоо, сургалтын өрөө, нэг давхартаа амбулатори, яаралтай тусламж, өсвөр үеийн кабинет ажиллах бол хоёр давхартаа хүүхдийн тоглоомын өрөөтэй юм байна. Мөн өвчтөн тээвэрлэх зориулалтын лифттэй, давхар тус бүртээ хэвтүүлэн эмчлэх өрөөтэй ажээ.

Холбоотой мэдээ