Ахмадуудад зориулж өдрийн үйлчилгээ шинээр нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-12-16 19:15:36

Ховд/МОНЦАМЭ/Ахмад настны эрүүл идэвхтэй насжилтыг дэмжин, настны эрүүл мэнд, нийгмийн оролцоог сайжруулан настны амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор аймгийн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Газар, аймгийн "Ахмад чөлөөт эмч нар" ТББ хамтран аймагтаа ахмад настануудад зориулсан өдрийн үйлчилгээг нэвтрүүлж ахмад эмч нарын зөвлөгөө өгөх төв шинээр нээн, нээлтийнг нь хийлээ. 

Ховд аймгийн хэмжээнд 55 ба түүнээс дээш насны өндөр настан 7000 гаруй байгаа нь аймгийн нийт хүн амын 6.7 хувийг эзэлж байгаа юм.

Ахмад настны бие махбодид гарах өөрчлөлттэй холбоотой цусны даралт ихсэх өвчин, зүрхний титэм судасны өвчин, тархинд цус харвах, чихрийн шижин, хавдар, амьсгалын замын архаг өвчин, даралт ихсэх, сонсгол муудах, хөдөлгөөн алдагдах, сэтгэцийн хямралтай болох зэрэг олон өвчин тохиолдож тэдгээр нь архаг удаан явцтай байдаг байна.

Тус аймгийн хэмжээнд амбулотори болон хэвтэн эмчлүүлэгсдийн 40 гаруй хувийг 55-с дээш насны ахмад, нийт нас баралтын 49 хувь нь настны нас баралт эзэлж байна. Иймээс ахмад настны идэвхтэй, эрүүл урт наслах, тэдний амьдралын чанарыг дээшлүүлэх, эрүүл мэндийн арга хэмжээнд цогцоор хандахад энэхүү төвийн үйлчилгээ үр дүнгээ өгнө гэж үзэж байна.

 2017 онд ахмад настны хууль батлагдсанаар ахмад настанд үзүүлдэг ажил үйлчилгээнүүд өргөн цар хүрээнд явагдаж хууль дагасан тодорхой журмууд шинээр батлагдсан байна. Үүнтэй холбоотой  2018 онд нийгмийн халамжийн чиглэлээр олон нийтэд түшиглэсэн халамжийн үйлчилгээг иргэдэд хүргэх үйлчилгээний хүрээнд ахмад настануудад зориулсан өдрийн үйлчилгээ шинээр ийнхүү Ховд аймагт нээгдлээ

Холбоотой мэдээ