“Бидний цөөхөн Монголчууд” төслийн багийнхан Увс аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. “Бидний цөөхөн Монголчууд” төслийн багийнхан өнгөрсөн онд Увс аймагт 3 сарын хугацаанд ажиллаж, Увс аймгийн хөдөлмөрч, бүтээлч иргэдийн аж амьдралын талаар нэвтрүүлэг сурвалжлага бэлтгэн, гэрэл зургаар баримтжуулсан байна. Тэгвэл саяхан Увс аймагт болсон гэнэтийн байгалийн гамшгаас үүдэн цахилгаан тасарч, хөдөө сумын малчдад үүссэн нөхцөл байдалтай холбоотой гамшигт нэрвэгдсэн иргэдийн аж амьдралыг газар дээрээс нь судлахаар Увс аймагт дахин хүрэлцэн иржээ.
Төслийн багийнхан Дорнод аймагт ажиллах явцдаа Увс аймагт үүссэн гэнэтийн байгалийн
гамшгийг сонсмогц, ажлын төлөвлөгөөгөө өөрчлөн Увс аймгийг зорьжээ. Ирснээсээ
хойш 10 гаруй хоногийн турш Увс аймгийн Өндөрхангай, Хяргас, Зүүнговь,
Цагаанхайрхан, Тариалан, Улаангом
суманд ажилласан байна.
“Увс
нутгийн ард түмэн мундаг хөдөлмөрч, бүтээлч, сайхан
сэтгэлтэй хүмүүс байдаг.
Энэ ч утгаараа
Увс аймагт ажиллахад
сайхан байдаг юм” хэмээн “Бидний цөөхөн Монголчууд” төслийн санаачлагч М.Зоригт хэлсэн юм. Тус төслийн багийнхан Давст, Сагил, Түргэн
сумдад ажиллаад буцах аж.
Зам
тээврийн сайд асан, “Мөнхчулуун” сангийн тэргүүн М.Зоригт “Бидний цөөхөн
Монголчууд” төсөл санаачлан, Монгол орныхоо 21 аймгаар аялаж, XXI зууны хүмүүсийн
аж амьдрал, ахуй байдлыг гэрэл зургийн хальснаа буулган, 30 гаруй ном бүтээл, 800
орчим телевизийн нэвтрүүлэг, 12 сэдэвчилсэн баримтат кино хийхээр төлөвлөн
ажиллаж байгаа нь энэ аж.