Элчин сайд Т.Лхагвадорж "Sunburst Youth Camp 2018" арга хэмжээнд оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2018-12-13 15:16:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Сингапур Улсын Темасек сангийн санхүүжилтээр Сингапурын технологийн тэтгэлэгт хөтөлбөрөөс (Singapore Technologies Endowment Programme (STEP) жил бүр зохион байгуулдаг Азийн улсын хүүхэд, залуучуудад зориулсан хамтарсан соёл, урлагийн Sunburst Youth Camp 2018 арга хэмжээ амжилттай болж өндөрлөв.

Соёл, урлаг, илтгэх урлагийн олон тооны арга хэмжээгээр дамжуулан Азийн хүүхэд, залуучуудын хоорондын харилцааг дэмжих, тэдгээрийн бусад улсын талаарх мэдлэгийн дээшлүүлэх зорилго бүхий уг арга хэмжээнд АСЕАН-ны гишүүн улс, Япон, Монгол, Хятад болон Өмнөд Солонгосоос нийт 16-19 насны 130 оролцогч нар оролцож, 2018 оны 12 дугаар сарын 2-9-ны өдрүүдэд Сингапурын Sunburst Youth Camp зусланд 7 хоногийн турш байрлав.

Улс бүрээс 8 сурагч, нэг багшийн бүрэлдэхүүнтэй баг байдаг бөгөөд Монгол Улсыг төлөөлж “Хобби”, “Лагорифм”, Улаанбаатар дахь Англи сургуулийн 4 эрэгтэй, 4 эмэгтэй сурагчид, багшийн хамт оролцов. Арга хэмжээний хүрээнд улс бүрийн хүүхэд, залуус өөрийн улсын онцлогийн талаар илтгэл тавих, багаар хуваагдан тодорхой сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх, өөрийн улсын соёл, урлагийг танилцуулах зорилго бүхий урлагийн тоглолтын үзүүлбэр үзүүлж, улс бүрээс танилцуулга бүхий буланг бэлтгэсэн байв. Зохион байгуулагч нарын онцолж буйгаар Монгол хүүхэд, залуучуудын англи хэлний түвшин, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, илтгэх урлаг нь онц сайн байсан хэмээн дүгнэв.

Тус хөтөлбөр хэрэгжээд 21 жилийн хугацаанд нийт 2700 гаруй сурагч хүүхдүүд оролцсон бөгөөд эдгээр хүүхдүүдээс өдгөө улсдаа нэр хүнд бүхий төрийн болон төрийн бус байгууллагад амжилттай ажиллаж, улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж буйг тус арга хэмжээний үеэр онцлон зарим улс орноос тухайн үед оролцож байсан оролцогчдыг хүндэт зочдоор урьсан явдал нь энэхүү арга хэмжээний бас нэгэн онцгой мөч байв.

Элчин сайдын яамны зүгээс Монгол Улсаас хүүхэд, залуус оролцох арга хэмжээг ГХЯ-ны ТЗУГ-тай хамтран зохион байгуулж өөрийн улсын хүүхдүүдээ дэмжин оролцов. Мөн жил бүрийн арга хэмжээнд Монгол Улсаас хүүхдүүдийг идэвхтэй оролцуулж ирсэн Темасек сангийн хамт олонд Элчин сайдын яам болон оролцогч хүүхдүүдийн сургуулийн хамт олны зүгээс талархал илэрхийлэв.

Холбоотой мэдээ