Өвчтөн тээвэрлэж явсан түргэний тэргийг мөргөж, эмчийг гэмтээжээ

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-11 16:23:15
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвчтөн тээвэрлэж байсан түргэний тэргийг мөргөж, ажил үүргээ гүйцэтгэж явсан эмчийг гэмтээсэн хэрэг урьд шөнө гарав.

Тодруулбал, энэ сарын 11-н буюу урьд шөнийн 01.10 цагт ирсэн Хан-Уул дүүргийн иргэн 35 настай эмэгтэйн хэвлийгээр хүчтэй өвдсөн гэх дуудлагын дагуу яаралтай түргэн тусламж очсон бөгөөд үзлэг хийх явцад дуудлага өгсөн эмэгтэйн нөхөр нь согтууран танхайрч тусламж үзүүлж буй эмчид хүндрэл учруулж элдэв үгээр доромжилсон байна. Өвчтөнийг зайлшгүй эмнэлэгт хүргэх шаардлагатай байсан учир тээвэрлэн авч явах үед нөхөр нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон түргэн тусламжийн автомашины араас мөргөсний улмаас машин дотор тусламж үзүүлж явсан эмч гэмтэл авч, автомашинд эвдрэл учирсан талаар Нийслэлийн Түргэн тусламжийн төвөөс мэдээлсэн. 

Энэ талаар ТЦА-наас тодруулахад, “Шөнийн 02 цагийн орчим Баянгол дүүргийн нутаг, Нэгдсэн 3 дугаар эмнэлэгийн зүүн замд “Landrover” автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн “H.Starex” маркийн автомашиныг мөргөсөн осол бүртгэгдсэн” гэв.  Хэргийг Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

Холбоотой мэдээ