Беларусь Улсын зээлээр ОБЕГ-т гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийг дэмжлээ.
Уг асуудлыг Эдийн засгийн байнгын хороо өнгөрсөн сарын 28-нд хэлэлцсэн юм. Гэвч
хэлэлцүүлгийн явцад зарим гишүүд байнгын хорооны хуралдааныг орхин гарснаар уг
асуудлыг түр хойшлуулсан юм.
Монгол, Беларусь Улсын
Засгийн газар хооронд байгуулах 50
сая еврогийн “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр” нь нийт долоон жилийн
хугацаатай хэрэгжих юм.
Зээлийн хүү жилийн 0.78-1.9 хувийн хүүтэй байх бөгөөд эхний хоёр жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх
юм. Уг хэлэлцээрийг УИХ-ын холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлж, хоёр орны
Засгийн газар эцэслэн батлах үед хүүгийн хэмжээг нарийвчлан тогтоохоор төлөвлөж
буйг Сангийн дэд сайд Х.Булгантуяа өмнөх хуралдаанд танилцуулсан юм. Мөн 50 сая
еврогийн зээлээр хоёр төсөл хэрэгжүүлэх бөгөөд эхний ээлжинд ОБЕГ-т
гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэхээр
төлөвлөж байгааг дурьдсан.
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Экспортын
зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн бөгөөд асуулт асуух, санал хэлэх гишүүн байсангүй.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж,
санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр
болов.